ААВ ЭЭЖИЙН

ААВ ЭЭЖИЙН ҮЛГЭР ДУУРИАЛАЛ

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд аав ээжийн үлгэр дууриалал хамгийн ихээр нөлөөлдөг. Ерөөсөө хүүхэд бол аав ээжийн толь, бид өөрийнхөө зан чанар, ааш араншин, үг яриа, үйлдлийг хүүхдээсээ олж хардаг.

Бид хүүхэд маань буруу зүйл хийх, эсвэл муу зан суртахуун гаргавал аавынхаа эсвэл ээжийнхээ муу занг нь дууриах юмаа гэж ярьдаг. Гэтэл хүүхдэд тэр зан төлөв удамшаагүй, ихэнх нь зүгээр л таныг хараад дууриаж байгаа нь тэр.

Таны үг хэл, үйл хөдлөл, харилцаа хандлага, биеэ авч яваа байдал, хувийн соёл, хөдөлмөрч зан байдал, бусдыг хүндлэх, хайрлах гээд бүхий л зан төлвөөс хүүхэд өөртөө тусган авч байдаг.

Та хүний амар мэндийг мэддэггүй бол хүүхэд хүнтэй мэндэлж сурахгүй, та ном уншдаггүй бол хүүхдийг хичнээн ном уншаарай гэсэн ч уншихгүй, та хөдөлмөрч биш бол хүүхдийг хөдөлмөрлө /жишээ нь: хичээл хийх, гэрийн ажил хийх гэх мэт/ гэж хэлээд ч нэмэргүй.

Та худлаа ярьдаг бол хүүхдээ худлаа хэлж болохгүй гэж сургаад тус болохгүй гэх мэтчилэн та юу хийнэ, ямар төлөвшилтэй байна, хүүхэд тань тийм л байна.

Тэгэхээр та өөрийнхөө гадна төрхийг толинд хардаг шиг хүүхдээ сайн ажиглавал та дотоод хүмүүжил, төлөвшлөө тольдон өөртөө дүгнэлт хийж болох юм. Хэрвээ та хүүхэддээ шүүмжлэлтэй хандаж байгаа бол өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гээд хичээгээд үзээрэй.

Гэр бүл бол хүүхдийн хүмүүжлийн суурь орчин, аав ээж та бүхэн тэдний хүмүүжил, төлөвшлийн багш нь юм. Байшин барилгыг барихдаа суурийг нь бат бөх тавих хэрэгтэйн нэгэн адил аав ээж бид бүхэл бүтэн хүний амьдралын суурийг гэр бүлдээ бэлтгэж байгаагаа алхам тутамдаа мартаж үл болно…

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ