Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Бодох тусам утга гүн, боловсрох тутам ухаан тэлэх амны билгээрээ ерөөн харилцдаг ард түмний үргэлжлэл юмсан бид. Амар мэнд мэдэхээс эхлэн ажил үйл, амьдралын эрээн барааныг хүртэл аль болох сайхан үгээр ерөөн тэнхээждэг ёсон бий бидэнд.
Амархан сайн байна уу мэнд “юу байна? юмгүй дээ” мэндээр солигдчихоор амар сайн ч байж чадахаа болиод, “юмгүй” хоосонд идэгдээд байгаа юм биш биз? Ахас ихэсээ хүндлэх хүндлэл алга болчихоор алтан үеэсээ суралцахгүй үл тоож, ардын уламжлалаа уландаа гишгэхүйн харанхуйд төөрчээ бид.
Зовлон зүдгүүрийн дундуур туулан гарахдаа зовлоо зүдэрлээ гэж гомдоллож үзээгүй өвөг дээдэс минь амны билгээрээ ерөөн билгэшээсээр ахуй соёлоо өвлүүлэн үлдээснийг ухаарахсан. Алдас болно гэгчийг л амаараа үйлддэг болжээ бид.
Заримынх нь за бараг дийлэнх залуусын харилцан ярианд амны уншлага болсон муухай үгнүүд чих дэлсэх болж, ай халаг гэж. Өгүүлбэр болгонд нь хэлэхээс ч хэл хальтармаар хараалын үгс тэнүүчилчихээр эх хэл минь ёолон зүдрэх нь аргагүй. Эх хэлээрээ бүрэн бүтэн өгүүлбэрээр ярилцах нь ч ховордож, гадаад үгний цуглуулгаар гаран орон харилцахад нь ганихарч гунимаар болох юм.
Эх сайхан хэлээрээ элгэн садан түмэнтэйгээ элдэв гоёл чимэггүй, эрээвэр хураавар хараалын үггүй сонор мялаан зөв ярихсан, сонсоход дүүрэн зөөлөн харилцахсан. Магад тэгвэл амны билгээр ерөөл оршиж, ашдын сайхан амьдрал ирэх нь гарцаагүй…
2018.05.20