АСУУЛТАНД БҮДЭРСЭН НЬ

Асуултанд бүдэрсэн нь

Дөрвөн настай бяцхан дүү минь надаас нэг их айхтар асуултууд асууж билээ. 

Зуны нарлаг өдөр зугаалж байлаа бид хоёр. Байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаад ойр байх сандал дээр хэсэгхэн суух зуур бяцхан маань ингэж асуулаа.

– Алим аниа /намайг ингэж дууддаг юм/ энэ сандлын хажуугаар нойтон байх юм энд бороо орсон юм уу гэнэ. Гайхаад хартал ойр орчим шүлсний нойтон толбонуудыг хэлж байна. Би юу гэж хариулахаа мэдэхгүй балмагдав.

– Аниагийн дүү дээр нь битгий гишгээрэй, муухай шүү гэж хэлээд хөтлөөд тэндээс холдлоо. Дүү эргэн эргэн харсанаа:

– Яагаад муухай гэж? Бороо сандлын ойрхон орохоороо муухай болчихдог юм уу гэв.

– Мухардалд орсон би зөв тайлбар олох гэж ээрч муурч хөгөө чирэнгээ:

– Аан энэ сандал дээр сууж байсан хүмүүс шүлсээ газарт хаясан байх. Уг нь энэ муухай бас ингэж болохгүй л дээ. Тийм болохоор ийм газраас холуур тойрч явж байгаарай, хүний шүлснээс өвчин дэгдэх ч аюултай гэчихэв. Дүү:

– Тэгвэл муухай буруу юм хийсэн, бусдыг өвдүүлсэн хүнийг цагдаад хэлж болохгүй юм уу гэх нь тэр.

– Ээ тэнгэр минь! Би гэдэг хүн улсын шалгалтандаа унан алдан сандрах оюутан шиг балмагдахдаа:

– Тиймээ цагдаад хэлж болно, гэхдээ хоёулаа хэн ийм муухай зүйл хийснийг хараагүй шүү дээ гэтэл:

– Тэр тамхи татаж байгаа ах шүлсээ хаяж байна, хоёулаа очиж, шүлсээ битгий хаяарай хүмүүсийг өвдүүлчихдэг гэж хэлж өгье гэх нь тэр. Би тэр үед ёстой л тархин дундуураа татуулаад авах шиг болоод тамхи татан зогсох залууд:

– Уучлаарай энд шүлсээ хаяхгүй байвал сайн сан, хүүхдийн тоглоомын талбай ойрхон байна гэтэл, нөгөө залуу бид хоёр руу жишим ч үгүй хялайн харсанаа:

– За чамд ямар хамаатай юм, хаана шүлсээ хаяхаа чамаар заалгахгүй шүү гэдэг байгаа.

Ам руугаа алгадуулсан намайг бяцхан дүү минь гэмшсэн царайтай ширтэж, дахин юу ч асуулгүй бодолд дарагдан хөтлөлцөн алхсан юм даг. Би ч дотроо өөрийгөө зэмлэн зэмлэн алхахдаа, арай ч дээ бяцхан дүүгээсээ долоон дор би ч би. Ийм үйлдлүүдтэй таарахдаа хэлчихдэггүй хулчгар зангаа засах хэрэгтэйгээ ухаарсан даа. 

Ямартай ч бусдыг хүндэлж, өөрийн биеэс гарах илүүдэл ялгадсаа дуртай газраа эрээ цээргүй нялгадах хүмүүс ингэж заваарахаа БОЛИОРОЙ ЗҮГЭЭР!!!

СЭЖИГ ТӨРӨӨД ГИШГЭХ ГАЗАР ОЛДОХГҮЙ Л БАЙНА ШҮҮ!!!

2018.11.12

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ