БАЙГАЛЬ, ГОО ЗҮЙ, УРЛАГ

Байгаль эхийн өгөгдөл гэдэг зүйлийн тухай бид зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Зүгээр л мэдээд зогсохгүй байгальтайгаа зохицон амьдрахуйд суралцах чухал шаардлага бий. Монголчууд бидний өвөг дээдэс байгальтай зохицон амьдрахын, байгалиа хайрлан хамгаалахын, түүний түмэн гайхамшгийг танин мэдэхийн төлөө ихэд хичээнгүйлэн ирсэн түүхтэй.

Энэ түүх бол бидний нүүдэлчин соёл иргэншлийн түүх юм. Мал аж ахуйгаа эрхлэн хөтлөхдөө байгалийн тэнцвэрт харьцаанд хор хөнөөл учруулж явсан удаагүй. Харин ч байгалийн хуулинд захирагдан, аль болох байгалийн ааш араншинд ахуй амьдралаа зохицуулж ирсэн.

Орчин үед хэдийгээр малчин түмэн маань нүүдэлчдийн соёлоо хадгалан үлдсэн ч гэлээ техникийн хүчээр ажлаа бүтээхийг илүүд үзэх болсон нь, мөн олонх нь хот суурин бараадсаны уршгаар байгалийн тэнцвэрт хор хөнөөл учруулах нь элбэгшсэн.

Хүн өөрөө байгалийн амьтан юм. Яг л байгаль дээр хамтран амьдардаг бусад бүх хорхой шавьж, ургамал ногоо, жигүүртэн шувууд, араатан амьтдын нэгэн адил. Эдгээр байгалийн түмэн зүйл амьтан ургамал, уул ус хүртэл бүгдээрээ л нэг нэгнээсээ хамааралтай, эко системийн тэнцвэрийг барьж байх өөр өөрийн үүрэгтэй оршино.

Гагцхүү хүн л энэхүү тус бүрийн үүргүүдийг нь хүчээр өөрчилж, техникийн хүчээр бусниулан эвдэлж, хар муйхар хүчээр түрэмгийлэн, хорт шуналаар дайран давшилсаар буй. Санал нийлнэ байх аа, ялангуяа газар сэндийчин ухаж төнхөхөөс эхлээд л уул уурхай нэртэй ашиг горилогчид олширч ус ургамал, ой модоо сүйтгэсээр байна.

Түүхээ сөхөөд саная, өлсгөлөн гуйранчлалд нэрвэгдэн, өр ширэнд дарлагдан байх үедээ ч биеэрээ хамгаалан өөрөө хөнөөгдсөн олон мянган зоригт эрсийн цус шингэж, яс оршин буй хөрс шороо, газар нутаг мину.

Өнөөдрийн элбэг хангалуун амьдралаас илүүтэй ирээдүйн үр хүүхдүүдээ эх оронтойгоо хамтад нь хайрлах халуун хайр, бүлээн зүрх сэтгэлд сөгдмөөр. Байгаль дэлхийгээ өөрийн өчүүхэн жижиг аминаас илүү хайрлан хамгаалж, үр хойчдоо захиж сургамжлах өв уламжлал, байгалийн хуулинд захирагдан ирсэн даруу агаад ухаант ард түмэн мину.

Өнөө цагт бүдүүлэг болхиороо дуудуулсан ч өвөг дээдсийнхээ сургаалыг ягштал сахин, яс махаараа хамгаалан тэмцсээр энэ сайхан цаг үеийг бидэнд бэлэглэхдээ ГОО ЗҮЙ-н хэм хэмжээг хүртэл алдагдуулалгүй аварч үлдсэн тэд хичнээн ухаалаг байв, ямар гайхамшигт торгон мэдрэмжтэй байв? Сайтар тунгаагаад үзээрэй!

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ