БИДНИЙ АЛДАА

БИДНИЙ АЛДАА ЮУНД БАЙНА ВЭ?

Одооны хүүхдүүд ийм тийм гэж бид өөр хоорондоо их ярих юм. Одооны хүүхдүүд гэхээсээ илүү одооны аав ээжүүд ямар байна гээд бодоод үзье!

Тэгвэл одооны аав ээжүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүргээ хэрхэн сайн биелүүлж байна вэ? Яагаад бид Монгол хүмүүжлийн арга ухааныг судлах шаардлага бий болчихоод байгааг дараах жагсаалтыг уншсаны дараа танд ойлгогдоно гэдэгт итгэж байна. Үүнд:

1. Хүүхдэд багаас нь болох болохгүйн заагийг заалгүй хэт эрх дураар өсгөж байгаа нь хувиа хичээсэн, өөрийгөө өргөмжилсөн, бусдын эрх чөлөөг үл хүндэтгэсэн, хүмүүжилгүй болгон төлөвшүүлж, хүнээс сургамжийн болон зэмлэх үг сонсдоггүй “дүлий чихтэнгүүд”-ийг бий болгож байгаа.

2. Бага насны хүүхдээ уйллаа гээд, зүггүйтлээ гээд томоотой суулгахын тулд гар утас, компьютер тоглохыг багаас нь бид өөрсдөө зааж сургачихаад том болоход нөгөө утас компьютер нэгэнт зуршил болж, буруу зүйлд донтуулж байна.

3. Бүх аав ээжүүд хүүхдүүдээ мундаг хүн болгохыг хичээж, боловсролд нь анхаарал хандуулж байгаа нэрийдлээр шагнал өргөмжлөлд дуртай болгох, дүнгийн төлөө хөөцөлдөх, хий хийрхэх, бардам зантай, башир аргатай буруу сэтгэлгээг төлөвшүүлж байна. Урам өгөх нь зөв ч гэлээ байнга хий магтаад байвал хүүхэд илүү суралцахыг хүсэхгүй жаахан амжилтандаа эрдэж, цааш хөгжихгүй.

4. Хүүхэдтэйгээ хамт тоглох, ярилцах цаг гаргалгүй зөвхөн ажлын төлөө зүтгэж байгаагаа нийгэм нь ийм байна гэж бид хэлэх дуртай ч эргээд харахад хүүхдээ ямар хүн болон төлөвшиж байгааг үнэндээ мэдэхгүй өнгөрч байна. Хүүхдийнхээ дотоод ертөнцийг хэр сайн мэдэж байгаагаа өөрөөсөө асуугаад үзье.

5. Хүүхдийг гадаад хэлний сургуульд багаас нь сургахыг чухалчилж, эх хэлээрээ зөв ярьж, бичиж, уншиж чадахгүй, Монгол сэтгэлгээ гэдгийг огт мэдэхгүй хойч үеийг бид өөрийн гараар бэлдэж байна. Мэдээж гадаад хэл сурах хэрэгтэй, гэхдээ эх хэлээ сурсны дараа оройтохгүй.

6. Аав ээжийн хэн нэг нь хүүхдээ зэмлэхэд “нүүрэн дээр нь” нэгнээсээ илт өмгөөлөн хамгаалвал хүүхдийг дахиад буруу зүйл хийх сэдлийг төрүүлж, цаашлаад хэнд ч дийлдэхээргүй болгон төлөвшүүлнэ.

7. Хүүхдээ сайн сайхан өсгөх нь бидний үүрэг. Гэхдээ үүнийг зарим эцэг эхчүүд үнэтэй чамин хувцас, эдлэл, гар утас авч өгөхөөр төлөөлүүлэн ойлгодог болжээ.

8. Хөдөлмөрт сургахаас илүүтэй бэлэнчилэх сэтгэлгээнд сургаж, сурах хөгжих бүх боломжийг нээж өгсөн ч хүүхэд хөдөлмөрлөхийн утга учрыг тэр бүр ойлгож чадахгүй байгаа нь бидний бас нэг бодох асуудал.

9. Ном уншдаг хүүхэд хэрсүү ухаан сууж, эрдэм номын чухлыг ойлгож, танин мэдэхүйн мэдээллийг номноос авах нь хүмүүжил төлөвшил болон хөгжих үйл явцад нь маш чухал үүрэгтэй.

10. Хэт их дур зоргоор нь байлгаж, хараа хяналтгүй мэт орхиж байгаа нь мөн л дураараа дургигчдыг бэлтгэж байна.

11. Хүүхэд зурагт их үзэх нь тэдний хүмүүжил төлөвшилд маш хурцаар нөлөөлж байна. Хүүхэд насны гэгээн дурсамжийг аав ээж хамтдаа бүтээлцэх биш зурагтаар орлуулаад байгаа юм биш биз?

12. Хариуцлага, бас дахин хариуцлага. Хариуцлагыг үр хүүхэддээ зааж сургах нь ирээдүйн аав ээж, эх оронч иргэн төлөвшүүлж чадлаа л гэсэн үг.

13. Шударга байх нь хүний сайхан чанар гэдгийг хүүхэддээ сайн зааж өгөх ёстой. Энэ бол хүмүүжил төлөвшлийн өндөр түвшин, мөн маш том хариуцлага гэдгийг биеэрээ үлгэрлэх нь аав ээж бидний маш том үүрэг.

14. Хүүхэддээ зөв үлгэр дууриалал болох. Эцэг эх бидний өмнө байдаг олон хариуцлагууд дотроос хамгийн том бөгөөд чухал хариуцлага нь хүнээр хүн хийх хариуцлага юм.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ