БОСС ГЭЖ

“Босс” гэж хэнийг хэлэх вэ?

Борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг хүнийг хэлэх үү? Боорлосон нохой шиг ууртай хүнийг хэлэх үү? Дарга гэж хэнийг хэлэх вэ? Даруу атлаа ажилсаг хүнийг хэлэх үү? Дандаа хоосон хашгирах нөхрийг хэлэх үү? Захирал гэж хэнийг хэлэх вэ? Завгүй байнга ажиллах хүнийг хэлэх үү? Загнахын дон тусчихсан хүнийг хэлэх үү? Хэнийг хэлэх вэ таминь ээ?

“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг нэг мэргэн сургаалыг буурал эмээ минь дандаа хэлдэгсэн. Харин одоо би энэ үгийг зарим нэг “захирал”, “дарга”, “босс”-уудад хэлмээр санагддаг юм. Сэтгэлээ зориулан ажиллаж байгаа хүний урмыг хугалчихаар урвайж унхайгаад арай биш болчихдоггүй гэж үү? Халуун сэтгэл рүү нь хүйтэн ус цацах адил муухай мэдрэмж төрдөг болов уу?

Цаанаа л нэг цог золбоогүй, тархи толгой нь ажиллагаагүй болоод ажил хийхээс дургүй нь хүрээд, дургүйд хүчгүй болно, ажил урагшлахгүй. Сэтгэл ханамжгүй ажиллаад эхэлсэн үеэс бүтээмж нь навс унаж, бүр сул дорой, хэн ч биш болчихно. Тэсэхээ болиод ажлаа солино. Удирдлага солигдовч урьдын дүр төрх өөрчлөгдөвч, хандлага харилцаа давтагдана. Үүний үр дүнд байнгын халаа сэлгээ, тогтворгүй ажлын байр. Нэгнээс гараад нөгөөд. Байдал бараг л адилхан, ижилхэн “дарга”, “босс”-ын хандлага, харилцаа.

Хүний урманд ганц аятайхан үгийг цагийг нь олоод хэлчихдэг удирдлага ховор. Аятайхан үг хэлэхдээ ч гол нь биш л дээ. Хүн ёсоор хандаад ажил ам хоёр зөрөхгүй байвал л болчихно. Үүн дээр нэмэх нь хоёр талын хариуцлага тодорхой байвал за бүр ярих юмгүй шүү.

Тов тодорхой байх гэдэг бүр байхгүй, хаврын тэнгэр шиг ааштай хачин сонин нөхдүүдийн харцаар хөдлөх боолын нийгэмд амьдраад ч байгаа юм шиг. Өнөөдөр өнөөх чинь яах бол, ийх бол, түгшээстэй. Юун ажлаа хийх, юун ирээдүйн зорилго манатай. Арай л тэнцвэргүй юу? Арай л бүдүүлэг биш гэж үү?

Ирж л байдаг, явж л байдаг, дахиад л шинэ хүн, ажлыг эхнээс нь эхлээд марш!!! Хүний нөөц ойр ойрхон солигдоод байхаар хамтын ажлын үр дүн үгүй болж, хайран цаг хугацаа өнгөрөөд л. Тэсэж үлдсэн зарим нь өө яахав, өдөр хоногийг аргацаагаад өнгөрөөж байя гэсэн янзтай, ажил бас л урагшлахгүй. Юмс өөрчлөгдөн хөгжөөд, дэлхий арай л хурдан эргээд байхад манайд харин улам удаашраад, хоцрогдоод, хожимдоод, хором мөч бүр хайран урсаад л…

Хүнийг хэрхэн яаж бүтээмжтэй ажиллуулах вэ гэж дэлхий даяараа шуурч байгаад одоо харин яавал хүнийг эерэг хандлагаар татах вэ, яаж зөв харилцах вэ, өөрөөрөө хэрхэн үлгэрлэн манлайлах талаар нийтээрээ анхаарах болсон байхад, манайд хүнийг яавал сайн гэгч нь доромжлоод, нам дарж аваад сэтгэлгүй мануухай болгох уралдаан зарлагдсан мэт. Үг даахгүйдээ биш л байх, үгийг зөв сонгож хэрэглээгүйнх нь буруу. Хүнтэй хүн ёсоор харилцчихаж болдоггүй юм болов уу? Яадаг юм бол?

Чингис хаан хэлжээ: “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа одохов” гэж. Энэ үгийг бусад хөгжилтэй орны удирдлагууд ягштал мөрддөг юм билээ. Тэгээд хөгжсөн бололтой…

Бас хөдөлмөрийн үнэлэмж навс унасан, хүний чадварыг шударга үнэлж чадахгүй, басамжилсан дүр төрх. Хөдөлмөрийн зах зээлийн үнэн нүүр царай. Улсын, хувийн бизнесийн хүний нөөцийн бодлого гэдэг цаасан дээр үлддэг, форум хурлаар л хэлэлцдэг, өөр ямар ч бодит үр дүн, гарц гаргалгаа байхгүй явсаар л байх уу?

Урам дэмжлэг, тогтвортой бодлого, бодит үнэлэмж үгүйлэгдсээр…

2019.06.11

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ