ЗУРШЛАА ДАДАЛ БОЛГО

Зуршил дадлын тухайд та нар маш олон янзаар сонссон, бас уншсан байх. Зарим нь ялгаагүй хэмээн тайлбарлаж, зарим нь зуршлаа өөрчлөе хэмээн уриалсан нь ч байгаа. Гэхдээ эхлээд энэ хоёр ойлголтын ялгааг лавтай сайн мэдэх хэрэгтэй шүү.

Зуршил гэдэг бол муу буруу дадлуудыг хэлнэ. Муу муухайг нь мэдсээр байвч татгалзаж чадалгүй түүнд өөрийн эрхгүй татагдан орчихсон, ер нь бол бараг л донтолтын түвшинд хүрчихсэн хойно нь муу муухайг нь ойлгон ухаардаг тийм л зүйлс. Жишээ нь: Тамхи, архи, тоглоом, хар тамхи гэх мэт. Яагаад муу муухайг нь, эрүүл мэндэд хортойг нь мэдсээр байж эдгээрт татагдана вэ? Өөрөөсөө энэ асуултыг заавал асууж, шударга хариулт олоорой.

Мэдээж олон шалтгаан бий. Учир шалтгаангүй нэг ч зүйл үгүй талаар өмнөх бүлэгт тайлбарласан даа. Тэдгээр шалтгаануудын хамгийн эхэнд сэтгэлзүйн эрүүл мэнд, өөрөөр хэлбэл эрүүл сэтгэлгээний тухай яригдах ёстой юм. Эрүүл сэтгэлзүйтэй хүн муу зуршилд өртөх магадлал тун бага гэсэн үг. Өртлөө ч өөрийгөө өөрчлөх боломжтой байна.

Харин сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх нь муу зуршилд автах өндөр магадлалтай. Энэ нь бусдад уруу татагдах, жижиг бэрхшээлийг ч давах чадваргүй буюу сэтгэлийн хатгүй, эсвэл ерөөс мэдэхгүйгээсээ, мэдлэггүйгээсээ болдог. Ингээд нэг л муу зуршилд автагдсан бол энэ нь цаг хором бүрээр чамайг өөрөөс чинь, хайртай хүмүүсээс чинь, бүр цаашлаад нийгмээс хөндийрүүлж эхэлнэ. Аажим аажмаар, зугуухан хэвшүүлсээр идэх, унтах мэтийн өдөр тутмын энгийн хэвшил мэт болгочихдог.

Хэрвээ чиний эргэн тойронд ийм муу зуршилд автсан хэн нэгэн байгаа бол, эсвэл чи өөрөө ч магадгүй буруу зуршилтай бол үүнийг сайн мэдэх байх. Жишээ татаж дээрх хэдхэн зүйлийг дурдсан боловч өдөр тутмын амьдралын олон хэвшлүүдээ зөвөөр удирдаж сураагүй бол дүү минь чи олон муу зуршилтай байж ч магадгүй.

Залхуурах, өөрийгөө хөгжүүлэхгүй байх, хэн нэгнийг муу хэлэх гэх зэрэг зуршлуудыг ч мартаж болохгүй. Байж л байх ёстой мэтээр бодож яваа муу зуршлууд улам даамжирсаар хүнийг хэн ч биш болгодогийг санах хэрэгтэй.

Тэгвэл дадал гэж юу вэ? Дадал гэгч чинь өөрөө зуршил юм биш үү? Юу гэж бодож байна?

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ