МАГТ, ШҮҮМЖИЛ, ӨӨРЧИЛ

Хүн бүхэн магтаалд дуртай. Тиймээ, магтуулах сайхан байлгүй яахав. Урам зориг тэтгэж, улам их шамдан хичээх боломжийг бүрдүүлдэг ид шидтэй зүйл гэж хэлж болно. Гэхдээ магтаал ихэдвэл, эсвэл түүнд ташуурвал хамгийн муухай хор хүргэдэг зүйл болж хувирна.

Магтаал үнэн байх, цагаа олсон байх, бас хэтрүүлэггүй байх хэрэгтэй. Эс бөгөөс хий хоосон магтаал хүнийг харалган болгочихдог. Хий хоосон магтаалд ташуурсан хүн магтаж сайшаахгүй л бол урагшилж хөгжихгүй яг тэндээ гацчихдаг тал бий. Гол хөшүүрэг нь худлаа ч хамаагүй хоосон үг байж таарах нь.

Уг нь магтах сайшаахын уг чанар нь урам зориг өгөх зорилготой. Тиймээс ч байх ёстой, бүр зөв хэрэглэж чадвал маш сайн зүйл. Хүмүүс бид бие биенээ сайн сайхан үгээр магтан урамшуулж, улам илүү хөгжих боломжийг нээж өгөх хэрэгтэй байлгүй яахав. Бусдаас сайхан үг сонсохын хэрээр бусдад ч магтаалын үг хэлж байх нь бас сайн чанар шүү. Энэ нь зөв эерэг зан чанар бөгөөд өөртэйгөө адил бусдыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. Атаархалаас ангид гэсэн үг.

Хүний амьдрал урт мэт боловч богино. Энэ амьдралд бид бусдад хэлэх сайн сайхан үгэнд харам байж болохгүй. Харин гомдол төрүүлэх муухай үгсэд харам байх хэрэгтэй. Тэгэхээр аль болох бусдыгаа урамшуулж, дэмжиж байгаагаа илэрхийлж байвал сэтгэлд гэрэл гэгээтэй. Сэтгэл гэрэлтэй байхад ямар ч саад бэрхшээлийг даван туулах тэнхээ ч суудаг.

Үгээр хүнийг амьдруулагч нэгэн болохын тулд цагийг нь олсон, үнэн урмын үгсийг бусаддаа хэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө ч урамшуулан магтаж болно шүү дээ. Яг тодорхой болон онцгой амжилт гаргасан зүйл дээр урам авч, урам өгч байвал хичнээн сайхан гээч.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ