Монгол тоглоом наадгай

Монголчууд эрт дээр үеэс хүүхдийн оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх тоглоом наадгайд ихээхэн ач холбогдол өгөн хөгжүүлсээр ирсэн сайхан уламжлалтай билээ. Хамгийн наад зах нь оюун сэтгэхүйг хөгжүүлэх оньсон тоглоом, шагайн наадгай, хөлөгт тоглоом, хэл яриаг хөгжүүлэх хэлц үг, дайралцаа үг, оньсого, ардын аман зохиол гэх мэт.

Монгол тоглоом наадгай нь өөрийн гэсэн өвөрмөц утга агуулгатай бөгөөд хүүхдийн хүмүүжил төлөвшилд онцгой ач холбогдол өгөхүйц шинжтэй, амьдрал ахуйгаас урган гарсан, соёлын нэгэн үнэт өв болно.

Оньсон тоглоомууд нь хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх, арга эвийг олоход чиглүүлсэн, зохион бүтээхүйд уриалсан нүүдэлчин амьдралын ухаан буюу нүүдэл хийхэд хялбархан угсарч, салгаж болохоор гэрийг бүтээсэнтэй адил шинж чанар бүхий тоглоомууд.

Шагайн наадгай нь 3000 гаруй нэр төрөл байх ба бог малын шагайг цуглуулан хүүхдийн авхаалж самбааг сорих, тэсвэр хатуужилд сургах зорилго бүхий шагай шүүрэх, няслах, морь уралдуулах гэх мэт Монгол уламжлалыг харуулсан тоглоомууд.

Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах, хурдтай сэтгэх, шүлэглэн толгой холбох замаар үгийн баялгийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий аман наадам нь эртнээс нааш ардын амьдрал ахуйгаас урган гарсан, аман зохиолын шинж чанартай соёлын чухал өв болно.

Аман тоглоом нь хэл яриаг хөгжүүлэхийн зэрэгцээ далд утга санаа нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөө үзүүлэх бөгөөд цэцэн цэлмэг үг хэллэгээр хүний буруу үг, үйл хэргийг ч засах ухаанд сургасан байдаг.

Энэ нь цаашилбал эх хэлээ зөв сайн сурах, эх хэлний дархлааг тогтоох, үг зүй, өгүүлбэр найруулга зүйг ч сайжруулах ач холбогдлыг агуулна. Эх хэлээ сайн эзэмшсэн хүнд гадаад хэл сурах хамгийн сайн суурь тавигддаг гэдгийг ч эртнээс мэддэг, сургадаг байжээ.

Монгол тоглоомын хүмүүжил төлөвшлийн чухал ач холбогдлыг сайн ойлгож, түүнийг өнөөгийн нөхцөлд хэрхэн өвлүүлэн үлдээх тал дээр гэр бүлийн ахмад хүмүүс анхаарах хэрэгтэй. Ялангуяа өвөө эмээ нар түүнийг өвлүүлэх тал дээр, харин аав ээжүүд хамтдаа тоглох замаар хүүхэдтэйгээ ойр байж, төлөвшлийг нь чиглүүлэх, оюун санааг нь хөгжүүлэх шаардлагатай юм.

Хүүхэд тоглонгоо оюун ухаан, бие бялдар нь хөгжиж байхаар бүтээгдсэн Монгол тоглоомын утга мөн чанарыг хүн бүр мэдэж байвал орчин үеийн цахим ертөнцөд хөл алдсан бидэнд тодорхой байдлаар эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Тэгэхээр Монгол тоглоом хүүхдийг тоглуулангаа зөв хүн болгон хөгжүүлэх суурь ухаан буюу хүмүүжлийн асар нарийн утга чанарыг агуулж байсныг бид ухаарах, түүнийгээ хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал байна.

Нэгэнт сайн тавигдсан хүмүүжлийн суурь бат бөх оршин тогтнох ба тоглоомонд суурилсан төлөвшил насан туршийн ёс суртахууны боловсролын суурь болдогийг ч орхигдуулдаггүй байх боломж бүрдэнэ гэсэн үг.

Уламжлалаа өвлөж, улам хөгжүүлье!

2019.06.29

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ