Аядуу намуухан дуугаар эв эеийг хичээн ярих Монгол эр хүн. Аав ээж, ахас ихэс, бүсгүй хүн, хүүхдэд зөөлөн хүндэтгэлтэй хандах Монгол эр хүн. Дуугаа өндөрсгөхийг цээрлэн, хараалын үг хэлэхгүй, харцаараа зэмлэх Монгол эр хүн.
Бурууд хатуу, булчингийн чадлаа бусармагт зориулах, буцаж няцашгүй зоригт Монгол эр хүн. Шударга үнэний төлөө шулуухан тэмцэх гүжирмэг зантай Монгол эр хүн. Шулж, тонож хөлжих биш сөхөрч ядарсныг дэмжин тэтгэх Монгол эр хүн.
Хойморт ханхайж инээмсэглэл тодруулах зөөлөн харц, хайрхан уулын энтэй түшиг тулгуур Монгол эр хүн. Хайр халамж, энэрэл нигүүлслийг харц төрхөөрөө, харагдах үйлээрээ илэрхийлэх Монгол эр хүн.
Хов жив байтугай хорон үг ч амнаасаа унагахгүй, хотол олны зовлонг өөрийн мэт бодох, хойшлуулшгүй алив үйлийг зөв эргүүлэх Монгол эр хүн.
Эх орноо аминаасаа илүү хайрлах, эцэг өвгөдийн сургаалыг үл мартах, эрхэм сайн элдэв мууг ялгаж салгах Монгол эр хүн.
Төрт ёсоо дээдлэх, түүхэн уламжлалаа өвлүүлэх, түвшин сайхан ирээдүйн төлөө энэ биеэ зориулах Монгол эр хүн өнөөдөр бидэнд үгүйлэгдэж байна…
Монгол эр хүн та тунгааж нэг үзээрэй! Монгол эр хүний ёс жудаг, яс чанар гэдэг чухам юу юм бол? Үр хүүхдүүддээ ямар үлгэр дууриалал үзүүлэх вэ?
Эцэг хүний амьдралын ухаан энэ орчлонгийн үрс бүхний ирээдүйн замыг чиглүүлж, цаашилбал гэр бүлийн болон улс орны хувь заяаг шийддэг гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Ялангуяа аавуудын хөвгүүдийнхээ хүмүүжилд үзүүлэх нөлөө, амьдралын ухаанд дагуулан сургахын чухлыг мартаж үл болно!…
2018.03.11