Мөнгө хүний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан төлбөрийн хэрэгсэл. Нэг үгээр бол хэрэгцээт бүхнээ худалдан авахад хамгийн чухал нь гарцаагүй мөн. Яахын аргагүй мөнгөгүй бол хүн анхан шатны хэрэгцээгээ ч хангаж чадахгүй.
Хоол, хувцас, орох оронтой байхын тулд мөнгөний хойноос хөөцөлдөхөөс өөр аргагүй. Энэ утгаараа хүн бүрийн сонирхлыг өөрийн эрхгүй татах увидастай. Мөнгөгүй бол хэн ч биш мэт, мөнгөний төлөө улайран хөөцөлдөгчдийг гааруулсаар байгаа нь өнөөгийн нийгмийн тод томруун дүр зураг.
Ихэнх нь мөнгөний хойноос хөөцөлдсөөр амьдралаа утга учиргүй өнгөрөөдөг нь хүний хорвоогийн үнэн. Мөнгөний төлөө ажилласаар, нас өндөр болсон хойноо эрүүл мэнддээ тэрхүү мөнгөө зориулдаг гэсэн гашуун үнэн ч биднийг тойроогүй.
Хүний нутагт хар бор ажил хийж зүтгэсээр, эрүүл мэндээ ч бодолгүй мөнгөний төлөө ажилласаар эцэст нь мөнгөтэй ч гэлээ эрүүл энх бус хүмүүс олширсон. Заавал хүний нутагт ч гэлтгүй залуу насандаа зөвхөн мөнгө бодож, мөнгөний боол болохоор ажиллах юм бол эрүүл мэндээ үл хайхран, хайр найргүй мөнгөний төлөө золиосолж байгаа бол хамгийн харамсалтай.
Хүн хөдөлмөрлөх ёстой, ажиллах хэрэгтэй. Гэхдээ ажил хөдөлмөрийн чинь үндсэн зорилго нь мөнгө байх юм бол, зөвхөн мөнгөнд төвлөрөх юм бол бусад бүх зүйлсийг мартах аюултай. Эрүүл мэнд, гэр бүл, энгийн сайхан амьдрал, аз жаргал гээд бүгд мөнгөний сүрэнд дарагдан дарагдсаар эцэст нь чи хэн ч биш болж хувирна.
Мөнгө хүнийг ийм болгож чадна, мөнгө хүнийг ад зэтгэрт хөтлүүлсэн шуналтан болгож хувиргана. Хэрвээ чи шинэ санаагаа хэрэгжүүлэхээр бизнес эхлүүлэхээр төлөвлөлөө гэж бодъё. Үндсэн зорилго чинь мөнгө олох байвал эндээс буруудаж эхэлж байна гэсэн үг.
Бизнесийн үндсэн зорилго нь бусдын сайн сайхны төлөө, одоогийн нөхцлийг илүү боловсронгуй болгох, илүү шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд чиглэж, эсвэл ирээдүйд ач тусаа өгөхөөр байвал зөвөөр эхэлж байна гэж бодох хэрэгтэй.
Өмнө хэлсэнчлэн юунд төвлөрөхөөс хаана хүрэх чинь шалтгаалах бөгөөд зорилгодоо төвлөрч гэмээнэ түүнд хүрэх боломжтой учраас тэр. Зорилго зөв байх, түүндээ төвлөрөн төлөвлөгөөтэй ажиллаж чадвал мөнгө түүнийг өөрөө дагаад хүрээд ирдэг юм.
Ажил хийхдээ ч түүнийг хамгийн сайнаараа хийх, хэрхэн яаж бүтээлчээр хийхдээ л төвлөрөх хэрэгтэй. Цалин авах нь тодорхой, харин хамгийн сайнаараа хийсэн тохиолдолд магадгүй урамшуулал нэмэгдэнэ, цаашлаад албан тушаал ч дэвшиж болох юм.
Ерөөсөө гол төвлөрөх зүйл бол мөнгө биш эцсийн зорилго байх ёстой бөгөөд мөнгө түүнийг дагалдан ирж байх нь зөв зүй тогтол юм гэсэн санаа. Үүнийг ямар ч үед заавал бодож байгаарай дүү минь!
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…