Аав ээжүүдээ охидоо хайрлан тэвэрье! Хайрыг охиддоо хамгийн ихээр өгье!
Хуурмаг муу муухай бүхнээс хамгаалъя!
Аав ээжүүдээ хүчирхийлэлгүй нийгмийн гүүр нь болцгооё!
Охидод аав нь:
1. Ирээдүйд эр хүн түүнийг хэрхэн хамгийн сайхнаар хайрлаж болохыг харуулъя
2. Насан туршдаа охиддоо түшиг тулгуур болж, муу муухайгаас хамгаалъя
3. Хатан хаан мэт эрхлүүлж, хайрлан тэврэх ч хэтэрхий дур зоргоор байхаас сэрэмжилье
4. Бусармаг буруугийн өөдөөс сөрөн зогсох, хатууд сөхрөхгүй эрэмгий байхад сургая
5. Өөртөө итгэлтэй, өнгөлөг гэрэлтэх эрүүл амьдрахуйд дагуулъя
6. Хэнээс ч хараат биш бие даасан, бас бусдын хувийн орон зайд саад болохооргүй төлөвшилд сургая
7. Зориг тэвчээр, үнэнч шударга зан чанар төлөвшүүлье
8. Хөдөлмөрийн амт шимт, мөнгөний үнэ цэнийг таниулъя
9. Өөрийгөө давтагдашгүй бөгөөд үнэ цэнэтэй гэдгээ ойлгоход нь тусалъя
10. Хүчирхийлэгч болохгүй, бас хүчирхийлэлд өртөхгүй байх талаар илэн далангүй ярилцъя
Охидод ээж нь:
1. Хайр энэрэл, халуун сэтгэл, энхрий ялдам, зөв бүхний эхлэл эмэгтэй хүн гэдгийг зааж, хайрлан тэвэрч байя
2. Нинжин сэтгэл, зөөлөн дулаан харц, дотоод гоо үзэсгэлэн бүсгүй хүний чимэг гэдгийг таниулъя
3. Өөдрөг гэгээлэг, өнгөлөг сайхан, цэвэр цэмцгэр, эелдэг зөөлөнд боловсруулъя
4. Эрхэмсэг оршихуй, эрдэмд боловсрохуйд их мэдэгч биш ихийг мэдэхийг эрмэлзэгч, дайчин шаргууд дагуулъя
5. Итгэл дүүрэн инээмсэглэл, элдэв маяггүй, энгийн дарууд чиглүүлье
6. Эрхээ эдэлж, үүргээ ухамсарлан, бусдыг хүндэтгэх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, ялгаварлалгүй хандахад сургая
7. Хов жив, хоосон магтаал, худал хуурмагаас хол байхыг чухалчилъя
8. Гэр бүл, үр хүүхдээ эрүүл амьдрахуйн дадал хэвшилд дагуулдаг байхад сургая
9. Сонсож чаддаг, нээлттэй ярилцдаг найз нь байж, тэдэнтэй нөхөрлөе
10. Атаархал, харьцуулалтаас хол байж, өөрийн үнэ цэнээ ухаарч ойлгоход нь тусалъя
11. Эрэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, халамжлах ч өөрийгөө мөн адил хүндлэхэд суралцуулъя
12. Хүчирхийлэгч болохгүй, бас хүчирхийлэлд өртөхгүй байх талаар илэн далангүй ярилцъя…
Гэх мэтчилэн олон зүйл бий. Ерөнхийд нь тоймловол ийм байна. Тэдэнд тэнцвэртэй төлөвшил бас боловсрол чухал. Тэдэнд зөв үлгэр дууриалал, хүчирхийлэлгүй орчин, хайраар дүүрэн гэр бүл хэрэгтэй. Тэднийг айдасгүй, гэрэлт ирээдүй хүлээж байх ёстой.
Охиддоо анхаарал хандуулан хайрлан хамгаалъя! Сайхан дурсамж бүтээхэд нь, сайн ээж болоход нь охиддоо тусалъя! Охидынхоо эрхийг ингэж хамгаалъя! Охид бол ирээдүйн ээжүүд, тэд ХҮНий төлөвшлийн эх үндэс.
ОХИД БИДНИЙ ЭХЛЭЛ БАС ҮРГЭЛЖЛЭЛ…
2019.10.11