Сахилга гэдэг үг хувь хүний хөгжилд өөрийн байрыг эзлэхийн тухайд товч тайлбар хийе. Сахилга гэхээр сахиж дагах ёстой ямар нэгэн дүрэм журам мэт санагдаж байгаа биз? Харин сахилга бат гэвэл тэрхүү дүрэм журмыг бат нот хэрэгжүүлэхийг хэлнэ.
Сахилга батыг сахиж мөрдөх ёс нь Монголчуудад эртнээс төлөвшсөн бөгөөд энэ нь дайн тулаанд ялалт байгуулах, дайныг хохирол багатай даван гарахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан аж.
Ялангуяа Чингис хааны байгуулсан Их Монгол улсын сүр хүч энэхүү сахилга, дэг журамтай байсны тод илэрхийлэл болно. Энд хаанаасаа эхлэн харц ард хүртэл хүн нэг бүр сахилга дэг журмыг ягштал биелүүлдэг байсныг түүх өгүүлдэг.
Нөгөө талаар нүүдэлчин ард түмний амьдралдаа баримтлах олон дэг жаягууд нь байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой учраас сахилга, журамтай байж гэмээн байгалийн шалгаралд тэнцэн, аливаа бэрхшээлийг даван туулж иржээ.
Том зургаар харвал сахилга гэдэг бичигдээгүй болон бичигдсэн дүрэм журам, хууль цааз бөгөөд түүнийг мөрдөн дагасан нь амьд үлдэж, үл ойшоосон нь устан мөхдөг аж. Хувь хүн ч бай, улс үндэстэн ч бай түүнээс ангид холуур өнгөрөх боломжгүй учраас сахилга журмыг өөртөө бат суулгахаас өөр зам үгүй билээ.
Тиймээс л хувь хүний хөгжилд сахилга хичнээн чухал болохыг заавал дурдах хэрэгтэй болох нь. Сахилгыг хүний дагаж мөрдөх ёстой бичигдээгүй дүрэм журам талаас нь түүнийг хүн ёсны ёс суртахууны хэм хэмжээ гээд ойлгочиход болно.
Хүнийг амьтнаас ялгах гол шинж нь сэтгэл ухамсар, оюун ухаан бол эдгээрийг хэрэгжүүлэхэд сахилга гол үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл хүн шиг хүн байхад чухал үүрэг гүйцэтгэх ёс суртахуун буюу болох болохгүйгээ мэдэх нь сахилгатай байгаагийн илрэл юм.
Жишээ нь: Хэрвээ хэн нэгэн өөрийгөө өөрчлөх, муу зуршлаа хаях шийдвэр гаргалаа гэж бодъё л доо. Гэтэл сахилга дэг журмыг өөртөө төлөвшүүлээгүй бол үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү. Эргэн тойронд ийм жишээ зөндөө л харагддаг.
Тамхи татдаг муу зуршилтай нэгэн хатуу сахилга батгүй бол тамхиа хаях нь юу л бол. Хараалын үг хэлээд хэвшчихсэн бол сахилгатай, журамтай байхын тухайд ярихын ч хэрэггүй. Хувийн ариун цэвэр сахиж дадаагүй хүнд сахилга дэг журмын үнэр ч үгүй. Уураа захирч чадахгүй байгаа бол, аливаад хариуцлагагүй ханддаг бол, юу ч хийсэн миний дур хэмээн хөөрцөглөн хувиа хичээдэг бол мөн л хувийн сахилга үгүй гэсэн үг. Сахилга дэг журам тэгэхээр хүний өөрийгөө удирдах гол чиглүүлэгч нь болох учиртай.
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…