СУРАЛЦ ДАД

СУРАЛЦ, ДАД, ХӨГЖ

Хүн бүхий л амьдралынхаа туршид суралцан хөгжиж чадвал утга учиртай амьдарсан гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө суралцаад болчихлоо хэмээн бодох л юм бол тэр үеэс хөгширч эхэлдэг. Тэр цагаас мөн тархины хөгжил зогсонгишиж, улмаар бардамнаж, ихэрхэж, бусдыг үл хүндэтгэж, зөвхөн би гэсэн өчүүхэн үзэлдээ ханаж цадна.

Хоол их идсэний дараа цатгалдаад хөдлөхөөс хүртэл залхуу хүрдэг дээ. Яг л түүн шиг өөртөө бардамнаж, дахиад сурах хэрэггүй хэмээн өөрийнхөө хөгжлийг боомилчихдог. Хичнээн харамсалтай гэж санана, тэгээд л хайран залуу насаа үр бүтээлгүй өнгөрөөнө, хожим харамсан ухаарна, гэвч нэгэнт оройтсон байх нь олонтаа.

Хүүхэд эхээс мэндлэнгүүтээ л орчны өөрчлөлтийг мэдрэн өөрийн биеийг тэрхүү орчинд дасгахаар, хөхөө амлангуутаа хөхөж чадахаар суралцаж, гар хөлөө хөдөлгөж сурах, мөлхөх, хөлд хэлд орох гэх мэтээр цаашлаад бүх хүртэхүйгээрээ дамжуулан одоо бидний хийж чаддаг бүхнийг суралцсаар, боловсрон хөгжсөөр өнөөдрийн “Би” гэх хувь хүн бий болдог. 

Тэгэхээр хүн төрөхөөсөө л суралцаж амьдралыг эхлүүлсэн шигээ насан туршдаа суралцдаг. Үүнийг хэзээ ч битгий мартаарай! Суралцах гэдэг зөвхөн хичээл сургууль, эрдэм номоор хязгаарлагдахгүй.

Өдөр бүр эрч хүчтэйгээр нэг ч гэсэн зүйл сурч мэдэж авахын төлөө эрмэлзлэлтэй амьдрах хэрэгтэй. Хүн бүхнээс суралцах, юм бүхнээс суралцаж хэвшвэл хамгийн зөв. Суралцъя хэмээн бодоогүй байсан ч орчин тойрноосоо аяндаа суралцах боломж нь хүн бүрт нээлттэй байдаг гэдгийг үргэлж санаж, сэрж, суралцаж яваарай!

            Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ