УГ ЧАНАР, УТГА УЧИР, ҮР ДҮН

Бүх зүйлсэд үүсэн бий болсон угийн шинж чанар бий. Энэ нь анхнаасаа үүсэн бүрэлдэх үндсэн орц найрлага, эсвэл үүсэн бий болох уг шалтаг шалтгаан гэсэн үг.

Яагаад заавал Монгол хүний хөгжлийг тодотгоод байгаагийн уг чанар нь өөрөө Монгол үндэстэн, түүний өдгөөг хүртэл оршин тогтнож ирсэн ёс уламжлал болж байна гэсэн үг.

Дэлхий дээр оршин амьдарч байгаа 7,7 тэрбум гаруй хүмүүс бүгд адилхан хүн боловч хэсэг хэсгээрээ улс үндэстэн болохын хувьд бие биенээсээ ямар нэгэн байдлаар ялгаатай.

Тэр ялгаа нь хамгийн энгийнээр удамшил ген, амьдрах орчин, цаг уур, хоол хүнс, амьдралын хэв маяг, ёс заншил зэргээр илэрдэг. Эдгээр нь тухайн үндэстний соёл уламжлалыг бий болгон, бусдаасаа ялгарах үндэс угсааг тодорхойлж байгаа юм.

Тэгэхээр уг чанар гэдэг хичнээн чухал болохын тухай анхны төсөөлөл бууж байгаа биз дээ? Эхлээд үндэстний уг чанараа таньж мэдэн, тэдгээрээс бага гэлтгүй үргэлж суралцах хэрэгтэй болж байна.

Бас хамгийн ойр өөр нэгэн жишээ бол уг чанар гэдэг ерөөсөө л биднийг яагаад ийм, яагаад тийм байгаа юм бэ гэсэн асуултанд хариулт өгөх гол шинж чанар болно. Хамгийн энгийнээр өвөг элэнцээс, өвөө эмээ, эцэг эхээс удамшсан ген, бусдаас ялгагдах цор ганц хувь хүнийг илэрхийлэх тэр шинж чанар юм. Уг чанараа танин мэдэхийн тулд хамгийн эхлээд өөрийгөө таних нь хамгийн чухал.

Яг л химийн шинж чанараар нь бодис бүрийг ялган танихтай адил, хүнийг хүний үндсэн онцлог төрх, эсвэл зан чанар хандлагаар, амьтныг амьтных нь мөн чанараар, амьгүй хийгээд амьтай оршин буй бүх зүйлсийг өөр өөрийнх нь үндсэн шинж чанараар танина гэсэн үг. Ерөнхий ойлголт нь ийм боловч тус бүртээ ялгаатай шинж чанарууд нь уг мөн чанарыг илтгэнэ.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос… /тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ