Уламжлал уу? Хуучинсаг үзэл үү?

Энэ талаар та бодож үзсэн болов уу? Уламжлал гэдэг хэдий цаг үеүд улиран одовч улс үндэстний хувьд өвлөгдөн үргэлжлэх эх эхлэл, эх хэл, өв соёл, ёс заншил юм. Үүгээрээ бие биенээсээ ялгаран нэг үндэстэн гэдгийг бий болгоно. Түүгээрээ бахархан, хойч үедээ үлдээхийг улс үндэстэн бүр хүснэ, уламжлалаар сууриа хийн улам сайжруулан хөгжүүлнэ.

Уламжлалын суурь ойлголт хэзээ ч ганхахгүй байх, харин түүнийг хөгжүүлэн үргэлжлүүлэх нь тухайн цаг үеийнхний оюуны цараа мэдэх асуудал аж. Уламжлалаа суурь болгосон хөгжил дэвшил л улс үндэстэн оршин тогтнохын, хүчирхэгжин мандахын эхлэл болно. Эс бөгөөс энд тэндээс хуулбарласан соёлжилт үндэстнийг хэн ч биш бас юу ч биш болгодог нь гашуун үнэн…

Ингэж уламжлалаа үгүйсгэсэн нь доройтон мөхөж, өөр үндэстэнд уусан алга болдог жамтай аж. Бүх зүйлийн эхлэл, үүсгэл, хөгжил гэдэг нэгийг нөгөөгөөс ялгах ул суурь нь юм. Хаанаас эхлэлтэй, хаана явна, хаашаа чиглэх вэ гэдгээ ойлгон таних, ухан тунгаах тусам уламжлалыг улам хайрлана. Эх орон, элгэн садан, ээж аав, энд ирсний утга учир уламжлалтай салшгүй холбоотой…

Уламжлалыг ул сууриа болгох нь чухал болохоос уландаа дэвслэн гишгэлж үл болно. Уламжлалаа уландаа гишгэлэх нь харин хуучинсаг үзэл. Хуучинсаг үзэл гэдэг цагийн шалгарлаар хэрэгцээгүй, хэрэглэх боломжгүй болсон муйхар мунхаглал юм. Мунхаглалд шинэчлэлийн салхи үл нэвтэрнэ, тиймээс л хуучин хэвээрээ үлддэг, хөгжил үгүй. Түүнийг шинэчлэгдэн хөгжих уламжлалтай хутган ойлгох нь байж боломгүй…

Хуучинсаг үзлийг бас харанхуй мунхагаар бусдыг даган дууриах, мэдлэггүйн улмаас үнэнээс хол тархиа угаалган буйтай зүйрлэж болох. Гэвч үндэстний онцлог уламжлалаа үл тоож,  түүнийг хуучинсаг үзэлтэй хольж хутган, аажим аажмаар бусдын уламжлал руу буруулан холдуулах нь тун харамсмаар. Бусдын соёлын сайн мууг нь ялгаж салгах тэнхэлгүй, мухар сохроор дагана гэдэг бас л аймшиг.

Уламжлалт сууриа бат бэх тавиад улам хөгжихийн тулд бусдаас авах гээхийн ухаанаар суралцаж яагаад болохгүй гэж? Эх хэл, эхлэл соёл, эрдэнэт хүмүүн, эх орноо өөрсдөө хөгжүүлж яагаад чадахгүй гэж?

2020.05.25

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ