Хүүхдийн төлөвшлийг анзаарч хараад, засаж сайжруулахдаа Монгол сургаал зүйр үгсээр тайлбарлан ойлгуулж байхыг “Урла Тогло” уриалж байна.
Хөл хорионы үед бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, өдөр тутмын дадал хэвшилд ч өөрчлөлт гарч байгаа.
Ялангуяа хүүхдийг эрт унтуулж эрт босгох тал дээр бэрхшээлтэй тулгарч байгаа байх. Эхлээд эрт унтаж амрах нь хүний биед ямар ач тустай талаар хүүхдэд нас насанд нь тохирсон байдлаар тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Үүний дараа эрт унтаж амарсан хүн өглөө эртлэн босох нь гарцаагүй талаар ярилцана. Өглөө эрт боссон хүн суралцах, хөдөлмөрлөх, амрах цагаа сайн төлөвлөж чадна. Нэгэнт зөв дадал хэвшүүлж чадсан бол ямар ч нөхцөлд түүнийгээ л хийдэг. Хөл хорионы үед байна уу, энгийн үед байна уу бараг ялгаагүй…
Монголчууд:
“Өөдлөхөд санах сэрэх
Уруудахад унтах идэх” хэмээн сургасан байдаг.
Өөдлөх гэдэг нь амжилттай байхыг, санах сэрэх гэдэг нь эрт босох, сэргэг байх, бас аливааг тунгаах ухаантай байхыг хэлж байгаа юм. Амжилттай, зөв амьдрахын тулд үүнийг өөртөө дадал болгох хэрэгтэй байх нь…
Харин уруудах гэдэг нь суралцах хөдөлмөрлөх дургүй байх, унтах идэхээс өөр хийх зүйлгүй байхыг хэлж байгаа юм. Ер нь бол залхуу хүн амжилтанд хүрдэггүй гэсэн санааг идэх унтахаа хэтрүүлэхээр жишин сануулсан байна.
Энэ нь бүр цаашилбал хүний эрүүл мэндтэй ч холбоотой гэх зэргээр утга учрыг сайтар тайлбарлаж өгвөл хүүхэд заавал нэгийг бодоход суралцдаг. Үүнтэй адил өөр олон зүйр үг бий. Тэдгээр үгсийн утгыг ухаж тунгаан, хүүхэдтэйгээ ярилцан, бие биедээ тайлбарлаж өгөөрэй!
Хүүхдийг ажилсаг, хөдөлмөрч болгон төлөвшүүлэхэд хэлэлцэх олон зүйр үгс байдаг. Тухайлбал:
“Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал”
Ажил хийнэ гэдэг зөвхөн албан ажил биш юм, сургуульд сурч, хичээл хийж байгаа нь мөн ажил юм шүү. Миний хүү/охин гэрийн даалгавраа бүгдийг нь хийж хэвшвэл ажлаа дуустал хөдөлмөрлөж байгаагийн нэг илэрхийлэл.
Бас гэрийн ажил хийхдээ дутуу орхихгүй дуустал нь хийх ч энд хамаатай. Хожим албан ажил хийх, ер нь юу ч хийсэн заавал дуустал хийхэд суралцах хэрэгтэй гэж тайлбарлана. (Бага насны хүүхдийн тухайд тоглоомоо өөрөө хураах дадлаас эхлүүлээд өөр олон жишээ дурдаж болох юм).
Энд яагаад давс хийвэл уустал гэсэн юм бол? гээд хүүхдээсээ асуугаарай! Хариултыг нь анхааралтай сонсож байгаад, аан миний хүү/охин ингэж бодож байна уу? Аав нь/ээж нь ийм утгатай гэж бодож байна гээд өөрийнхөө бодлыг хэлээрэй!
Хоол хийхдээ ч бас амттай болгох хэрэгтэй. Үүний тулд давс хийдэг шүү дээ. Хэрвээ хоолны давсаа уустал нь хутгахгүй бол эхэнд аягалсан хоол амтгүй, сүүлийнх нь их давстай болно. Давсыг уустал хутгаагүй болохоор тэр. Давсыг уустал хутгахад хугацаа хэрэгтэй дээ тийм ээ?
Тиймээс яг үүнтэй адил ажил хөдөлмөрөө дуустал нь хийж заншсан хүн л ажлынхаа эцсийн үр дүнг үзнэ. Ийнхүү зорьсондоо хүрэх хүртэл мөн л тодорхой хугацаа хэрэгтэй байх нь гэх зэргээр аль болох утгыг нь харьцуулж, дүйцүүлэн тайлбарлаж өгөөрэй!
Эндээс хүүхэд ажлыг дуустал хийх, хөдөлмөрч байх, тэвчээртэйгээр уйгагүй хичээх, аливаад ул суурьтай хандах, зорилготой, зорьсондоо хүрдэг байх, хоолыг хүртэл амттай хийдэг байх зэргээр маш их зүйлийг тунгааж ойлгоно.
#Монгол_ухаан бол наанаа хэлсэн үг нь цаанаа заавал давхар утга санааг илэрхийлдэг гүн ухаан билээ…