Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахдаа аливааг үгийн сайхнаар бэлгэдэх нь үйлийн сайныг дуудах үндэс гэдгийг танин мэдэж, үе удамдаа өвлүүлсээр иржээ.
Өнөөдөр Монгол бэлгэдлийг бид зөвхөн баяр ёслолоор хэлэгддэг хэдхэн үг төдийгөөр дурсаад өнгөрөх биш өдөр бүр өөрсдөө ч хүүхдүүддээ ч бага багаар ухааруулж байх нь зүйтэй санагддаг.
Ядаж л хараалын муухай үг хэллэг хэлэхгүй байна гэдэг ажил үйлсээ засан сайжруулахын эхлэл юм. Хүүхэд яг л таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг даган дууриана. Өөрөө муухай үг хэлчихээд хүүхдээ хараал хэлж болохгүй шүү хэмээн сургамжлах нь зохисгүй.
Монгол БЭЛГЭДЭЛ бол мухар сүсэг биш. Нарийн утга учир, мөн чанартай, үр хүүхдүүддээ эерэг, өөдрөг сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэгдсэн Монгол ухааны нэгээхэн хэсэг нь хэмээн ухаж ойлголоо.
Хамгийн энгийн жишээ гэхэд л ажил хөдөлмөр хийж байгаа, үйл урлаж буй хүнтэй тааралдвал үгийн сайхнаар ерөөл хайрладаг шүү дээ. Энд үгийн сайхнаар нэгэндээ урам хайрлаад зогсохгүй, хийж буй ажил үйлийнх нь үр дүн бүтэмжтэй байхад эерэгээр нөлөөлж байгаа нь харагдана.
Зөвхөн ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөлт үгсээр мэдээж хязгаарлагдахгүй бөгөөд үлгэр домгийн бэлгэдлээс эхлээд өнгөний, тооны, зүг чигийн, дүрсний бэлгэдэл гэх мэт олон төрөл байдаг юм байна.
Хүүхдүүд Монгол уламжлалын хичээлээс ерөөлийн үгсийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл олж авдаг. Гэхдээ яг нарийн утга учрыг нь тайлбарлах тал дээр багш бүр өөр, бас хүүхэд бүрт ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байх.
Тэгвэл аав ээжүүд бид өөрсдөө энэ талын мэдлэгээ тэлэх, ойлголтоо батжуулах, хүүхэддээ тайлбарлаж чадахуйц байхад суралцахыг “Урла Тогло” уриалж байгаа юм.
Монгол ухаан бол сайхан үгээрээ бэлгэдэн ерөөхдөө ирээдүйн сайн сайхныг уриалан дууддаг гүн ухаан билээ…
Монгол уламжлалд өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх бас нэг БЭЛГЭДЭЛ нь нар зөв тойрох, нар зөв эргэх зэрэг “нар зөв”-тэй холбоотой бэлгэдэл юм. Харин өнөөдөр та өдөр бүр энгийн амьдралдаа үр хүүхдүүддээ энэ талаар тайлбарлаж өгсөн үү?
Хамгийн энгийн жишээ гэхэд л цай аягалахдаа нар зөв эргүүлэх, дээлийн бүсээ нар зөв тойруулж бүслэх, Монгол гэрт ороод нар зөв тойрох зэргийн талаар хүүхэдтэйгээ ярилцаж байв уу?
Нар зөв гэдэг нь нарны эргэх зүгийг дагаж тойрохыг хэлэх ба баруун гарыг дагаж эргэхийг хэлнэ. Энэ нь хүн байгаль дэлхийн жамыг хүндэтгэн дагаж байгаагийн илэрхийллийн нэг гэж тайлбарлаж болох юм. Байгалийн жамыг сөрөхгүй, муу юм хийхгүй гэсэн далд утга ч үүнд агуулагдаж байж болох…
Ялангуяа өглөө нар мандахаас жаргах хүртэл хүний амьдрал өрнөдөг тул энэ хооронд л зөвийг эрхэмлэх бэлгэдлийг бидний өвөг дээдэс чухалчилдаг байсан байна гэх мэтээр тайлбарлаж өгөөрэй!
Мөн “нар зөв”-ийн бэлгэдэл нь аливааг зөв хийх, зөвийг бодох, зөвөөс гажихгүй байх төлөвшил тогтоохын тулд ихэнх үйлд онцлон үздэг мэт санагдаж байгаа биз?
Хамгийн энгийнээр хаана ч баруун гарын дүрмээ баримталж явахаар жишээлэн тайлбарлавал хүүхэд илүү ойлгоно, өдөр бүр хэрэгжүүлэх хэрэгтэй учир өөртөө дадал болгоход нь ч тустай.
Замаар баруун гар талаа дагаж алхах нь явган хүний замын дүрэм бас соёл шүү дээ. Хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь заадаг байх. Гэхдээ аав ээжүүд бид бэлгэдлийн утгаар тайлбарлаж өгвөл дадал хэвшилд нь эерэг нөлөө үзүүлнэ. Цаана нь мөн Монгол ухааны учрыг таниулаад байна л гэсэн үг.
Монгол ухаан бол байгалийн жамыг ил үгээр болон далд утгаар бэлгэдэн илэрхийлж, үр хүүхэддээ таниулан ухааруулдаг гүн ухаан билээ…