ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ТАЛАРХ

ХАЙР, хайрлах, хайрлуулах хичнээн сайхан билээ. Хүн бүр аав ээжийн хайраас мэндэлсэн цагаас л алхам тутамдаа хайранд өлгийдүүлэн өсөн торнидог. Тэгэхээр бид хайраас үүссэн, хайрын үргэлжлэл, хайрлаж бас хайрлуулахын тулд хорвоод ирсэн юм.

Хайр аав ээжийн хайраас эхэлж, үр хүүхдийн, ах эгч дүүсийн, хань ижлийн хайр, найз нөхдийн, өвөө эмээгийн хайр зэрэг олон янзын хайраар үргэлжилнэ. Хүн хайраас ангид байх боломжгүй юм, учир нь бидний эргэн тойронд хайрын хүрээлэл оршин байдаг.

Анзаарахгүй өнгөрөөдөг л болохоос хайр алхам тутамд дэргэдээс үл холдоно. Хорвоо ертөнц тэр чигээрээ чиний эсрэг байсан ч чамайг хайрлах хоёрхон хүн чиний талд зогсоно, тэд бол аав ээж юм.

Хайргүй мэт аашлах ч, анзаараагүй мэт дуугүй дүнсийх ч, зүрх нь зөвхөн чиний төлөө цохилох, чамд сайн сайхныг үргэлж ерөөх хүмүүс бол аав ээжүүд. Үүсэн бүрэлдэхдээ, орчлонд мэндлэнгүүтээ хайрын орчинд татагдан орж, бөөцийлөгдөн хайрлуулсаар өсөн торниж, өөдлөн хөгждөг нь зөвхөн үр хүүхдүүд учраас тэднийгээ гэх аав ээжийн хайр хамгийн үнэн байдаг.

Мэдээж үр хүүхдийн аав ээжийгээ хайрлах хайр үнэн байх ч гэлээ яг тэдэн шиг бүхнээ зориулж чаддаггүй. Учир нь үр хүүхдүүд бид өөрсдөө аав ээжүүд болж, амьдралыг үргэлжлүүлдэг болохоор заримдаа өмнөх бэрхшээлдээ түүртэн өөрийн аав ээжийгээ хайрлан халамжлахаа мартаж орхих нь элбэг. Ихэнхдээ дэргэдээс алсран одсон хойно нь л санан ухаарч, халаглан харамсах нь бий. Хүний амьдрал хэдий ийм ч үр хүүхдүүд бид ухаантай байж гэмээн аав ээжээ хайрлаж байгаагаа мэдрүүлэх боломж үргэлж байдаг.

Зүрхэнд үргэлж дулаахан хайр мэдрүүлдэг хүмүүс бидний аав ээжүүд шүү дээ. Ихэнх нь тэдэнд эрхлэн хайрлуулсаар, эргээд хайрлахаа мартсан мэт амьдардаг боловч сэтгэлд тэд мөнх оршдог. Тиймээс аав ээжийн хайр хамгийн агуу нь юм. Хариу нэхдэггүй хайр бол аав ээжийн хайр юм. Тэр хариу нэхэхгүй хайр бол жинхэнэ хайр юм.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ