ХҮҮХДИЙГ МАГТАН УРАМШУУЛАХ

Бид бүгд л сайн аав ээж байхыг хүсдэгтэй нэгэн адил хүүхэд бүр аав ээждээ сайн хүүхэд нь байхыг эрмэлздэг. Хүүхдийн энэ хүсэл эрмэлзлэлийг хэрхэн зөв удирдах вэ? Заримдаа магтан урамшуулж хааяа зэмлэж, буруу зөвийг ойлгуулах нь аав ээжийн үүрэг.

Монгол хүмүүжлийн ухаанд хүүхдийг урамшуулж, дэмжин хөгжүүлэхийн чухлыг тодорхой илэрхийлсэн байдаг. Үүнийгээ зүйр цэцэн үгс, сургаал үгсээр дамжуулан хэлдэг уламжлалтайн дээр бодит сайн үйлийг заавал урамшуулан дэмждэг байсан. Одоо ч энэ уламжлалыг хадгалах нь зүйн хэрэг боловч магтаал сайшаалын хэмжээ хэтрэхээрээ хүнийг хийрхүү сагсуу байдал руу түлхдэгийг анхаарах хэрэгтэй.

Нэг талаар урамшуулал магтаал нь ёс суртахууны хэм хэмжээг зааж сургаж байгаа ч нөгөө талаар хүүхдийн өөртөө итгэх итгэлд хамгийн ихээр нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл хэзээ, ямар тохиолдолд хүүхдийг магтаж, урамшуулах талаарх хүмүүжлийн чухал аргыг аав ээжүүд маш сайн мэддэг байх нь хамгаас чухал. Энд бас хүүхэд бүр ялгаатай, өөр өөрийн онцлогтой гэдгийг ч мэддэг байх хэрэгтэй.

Хүүхдийг багаас нь байнга хэт их хөөргөн магтвал биеэ тоосон, бусдыг үл хүндэтгэсэн, хий хоосон яриатай, үргэлж л магтаал хүлээсэн, хийж бүтээх чадваргүй сул дорой нэгэн болгоно.

Харин магтаалыг яг хэрэгтэй үед нь буюу бодит амжилтанд хүрснийг нь дэмжих, жаахан ч гэлтгүй хөдөлмөрийн үр шимийг нь урамшуулах зэрэг шударгаар, цагийг нь олж хүртээн тэднээр бахархаж байгаарай.

Эсрэгээрээ магтаж, урамшуулдаггүй хүүхэд өөртөө итгэлгүй, өөрийгөө бүтэл муутай мэтээр төсөөлж, амьдралын идэвх сул, бусдын амжилтанд атаархагч, сөрөг хандлагатай хүн болно.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ