Одоо үед хүүхдийг сургуульд ороход тэднийг сууж сургах гэсэн том асуудал тулгамддаг болсон нь гарцаагүй хүмүүжлийн арга барилаа өөрчлөх шаардлага тулгарсныг илтгэнэ.
Бидний эргэн тойронд олон ээжүүд хүүхдээ хооллохдоо ширээнд суулгаж сургаагүйг мэдэх хэрнээ тэр бүр анзаарч ач холбогдол өгдөггүй. Гэтэл гэнэт л тэд хүү /охин/ минь сургуульд орлоо, одоо сууж сурах боллоо гэж боддог. Гэвч энэ бол том эндүүрэл! Хүүхэд бол ХҮН. Эцэг эхчүүд бид хүнээр хүн хийх маш том хариуцлагатай үйлийг гардан гүйцэтгэгчид.
Хүүхдүүд маань нялх балчир насандаа үргэлж дэргэд, биднээс байнгын хамааралтай байдаг тул энэ сайхан цаг хугацааг одоо үрсдээ зарцуулж эхлэх хэрэгтэй. Үр дүн нь мэдээж гайхалтай. Суулгаж сургахын эхлэл нь хүүхдийнхээ нүд рүү хараад тогтуухан ярилцах, хүүхдийн хариу үйлдлийг анхааралтай хүлээн авах, хүндэтгэж хандах энэ харилцаа юм.
Жишээ нь: Ээж өдөр тутмын гэрийн ажлаа хийх явцдаа, хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, гадаа салхинд гаргаж байхдаа хүүхэдтэйгээ ярь, тэдэнтэй ярьж, инээж, хамт тоглож аль болох түүнд цаг зарцуулж байгаагаа мэдрүүлэх зэргээр хайрын хэлээр ярилцана.
Ерөөс бид хүүхдийг хүмүүжүүлнэ гэж ярихаасаа илүүтэй өөрсдийнхөө төлөвшлийг байнга тольдож байх хэрэгтэй юм. Ингэж тольдох бүртээ өөрийн үг, үйлдэл, хандлага ямар байна вэ? Хүүхдүүддээ ямар үлгэр дууриалал үзүүлж, хэрхэн зөв дагуулан хүмүүжүүлж байгаагаа шалгаж байвал их зүгээр.
Миний амьдралын туршлагаас олж харсан, өөрөө хэрэгжүүлдэг хүүхдийг сууж сургах дараах үндсэн аргуудын талаар та бүхэнтэй хуваалцъя. Үүнд:
- Үлгэр уншиж өгөх, ярилцах
- Бүтээлч тоглоом тоглуулах, хамт тоглох
- Гэр бүлийн тав тухтай орчин
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…