Мөнгө бол хүний амьдралын чухал хэрэглээ болохын хувьд хүн бүхэнд мөнгөтэй зөв зохистой харьцаж сурах шаардлага зүй ёсоор тавигддаг. Мөнгө хүний амьдралын хэрэгцээт зүйлсийн эх сурвалж болдог тул түүний үнэ цэнэ их ч гэсэн мөнгө бол амьдралын утга учир биш.
Үүнийг хүүхдэд багаас нь ухааруулан ойлгуулж, амьдралын үнэ цэнэ мөнгөөр хэмжигдэхгүйг таниулах хэрэгтэй. Хамгийн гол нь хүний хөдөлмөрийн үр шим мөнгө болон хувирч, амьдралын хэрэгцээт зүйлсийн эх сурвалж болдгийг энгийн дадал хэвшлээр дамжуулан мэдрүүлнэ.
Сургуулийн бага ангийн хүүхдэд мөнгө өгч явуулах нь тийм сайн зүйл биш. Тэд сургууль дээрээ үдийн цай уудаг тул мөнгө юунд хэрэгтэй гэж? Хэрвээ тэд мөнгөтэй байвал чихэр амттан л авч иднэ.
Харин хүүхдийг мөнгөтэй харьцаж сургахын тулд 10-11 наснаас нь эхлэн ярилцсаны үндсэн дээр сар бүр 5 000-10 000 төгрөг өгч, зарцуулах эрхийг өөрт нь өгөөд үзээрэй. Сардаа хэрэглээгээ илүү гаргавал мөнгө нэмж өгөх хэрэггүй, зарцуулалтынх нь талаар ярилцаж зөвлөгөө өгөөд, харин мөнгө илүү гарсан бол мөнгөний саванд хуримтлуулах талаар зөвлөх хэрэгтэй.
Нэг жил орчмын дараа хүүхэд зөвхөн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулж сурахын зэрэгцээ хуримтлал үүсгэж эхэлдэг. Мэдээж жил тутам мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх эсвэл хэвээр нь байлгах талаар ярилцаж шийдвэрлэж байвал зүгээр.
Харин зарим тохиолдолд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарсан тохиолдолд нэмж өгч болно. Энэ бүхэн мөнгөний үнэ цэнийг ойлгох, хуримтлалтай болох анхны алхам бөгөөд мөнгөтэй харьцах зөв дадал хэвшлийн эхлэл. Хүүхэд өөрийн хэрэглээг хянаж сурах нь мөнгөний зарцуулалтад нөлөөлж, улмаар бага багаар хуримтлал үүсгэснээр гэнэтийн мөнгөний хэрэгцээг хангах боломж бүрддэгийг ойлгодог болно.
Хуримтлалтай байх нь хүний амьдралд хичнээн чухал болохыг тодорхой жишээгээр тайлбарлаж, харилцан ярилцвал хүүхдэд илүү ойлгомжтой. Хамгийн энгийн жишээ гэвэл хүүхэддээ өөрийнхөө хуримтлуулсан мөнгөөрөө авахыг хүссэн тоглоомоо худалдан авах санал тавих, үүнийг нь дэмжих байдлаар урамшуулна.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…