Хүүхэд хайрын ургамал учраас хайраар услана. Хайр үгээр илэрхийлэгдэхээс гадна үйлдлээр илэрхийлэгдэх нь илүү үнэ цэнэтэй. Тиймээс аав ээжийн хоорондын хайрын хэл нь хүүхдэд маш чухал нөлөөтэй.
Хайрын хэл ямар ч хэлбэрээр илэрч болдог. Зарим нь үгээр, эсвэл үйлдээр, зарим нь дохио зангаагаар, хошин шогийн мэдрэмжээр, анхаарал халамжаар гэх мэт. Хайрын хэлийг хүүхэд гэр бүл доторх уур амьсгал, нэгэндээ илэрхийлж буй хандлагаас суралцан өөртөө бий болгодог.
Энэ бол хамгийн чухал бөгөөд хүний насан туршийн амьдралдаа хэрэгжүүлэх, бусдад түгээх хайр, хүндлэл юм.
Хүүхдээ хайрлах бидний хайр хамгийн эрхэм нандин гэдгийг аав ээжийн хайр бол хүүхэд бүрийг ижил хайрладаг гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй.
Зарим тохиолдолд айлын том хүүхэд дүү нараасаа бага хайрлагдаж байна гэсэн мэдрэмж төрж, ганцаардаж эхэлдэг. Ийм байдлыг бий болгохгүйн тулд аав ээжүүд хүүхэд бүрд хайраа ижил түгээж буйгаа харуулж байх, тэднийг тэвэрвэл хамт тэвэрч, үнсэхдээ ч хэн нэгнийг орхигдуулахгүй байвал зүгээр.
Хайр бусдыг хайрлах болон өөрийгөө хайрлахаар илэрхийлэгдэж байх нь зүйтэй. Энэ нь миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддагтай нэгэн адил. Бусдад өрөвч энэрэнгүй, өөртөө хатуу чанд хандахад суралцана гэсэн Монгол хүмүүжлийн суурь ухаан юм.
Бусдад өрөвч энэрэнгүй хандах нь тэдний эрх чөлөөг хүндэтгэж байгаагийн, өөртөө хатуу чанд хандах нь өөрийгөө хайрлаж байгаагийн илрэл, эрүүл аж төрөхийн үндэс буюу өөрийнхөө үг, үйлдлийг хянаж байхыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хайр бол амин хувиа хичээх үзлээс ангижруулдаг.
Хүүхдээ хайрлаж байна гээд хувиа хичээсэн хүн төлөвшүүлж болохгүй. Зөвхөн минийх, ганцхан би, би мундаг, бусад хүмүүс хамаагүй гэсэн хандлага таны хүүхдэд төлөвшиж байгаа эсэхийг байнга анзаарч байх хэрэгтэй.
Тэгэхээр хүүхэд бүрийн насан туршийн боловсролын суурь нь гэр бүлийн хайрын хүмүүжил юм. Хайрын хүмүүжлийн түвшин ямар байгаагаас хувь хүний төлөвшил, дадал хэвшил, боловсрол, хөгжил хамаарна. Хайр байгаа газар халуун дулаан уур амьсгал, бие биенээ хүндлэх хүндлэл, сайн сайхан бүхэн урган төлждөг.
Хайр хүндэтгэлийг хүүхдэд төлөвшүүлэх нь жинхэнэ эрх чөлөөний утга учрыг таниулахтай зүйрлэм ариун гэгээн үйл. Манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан бол тэр чигээрээ хайрын хэл, хүндлэлийн үлгэр дууриалал байдаг.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…