Хүүхэд аливаа зүйлсийг сониучирхахын зэрэгцээ бидний хийж байгаа өдөр тутмын ажил, тэр тусмаа гэрийн ажлыг хийхийг хүсэж эхэлдэг. “Би өөрөө” гэсэн үгийг байнга хэлж, үргэлж өөрөө бүхнийг хийх гэж хичээж эхэлсэн үеэс нь хийж сурах гэсэн хөдөлмөрч үйлийг нь хориглож болохгүй.
Энэ үе нь ихэвчлэн 3 наснаас эхэлж 5 наснаас бүр идэвхждэг тул хүүхдэд боломжийн хэмжээгээр насанд нь тохирсон ажлыг хийлгэж сургах хэрэгтэй.
Хамгийн эхний ажил бол хүүхдийн тоглосон тоглоомыг өөрөөр нь хураалгаж сургах, хувцасаа эвхэх, гутлын үдээсээ үдэж сурах гэх мэт зүйлсийг хийлгэх ба хүүхэд шууд ганцаараа хийхдээ учраа олохгүй байвал хамтдаа хийж дадуулах бөгөөд цаашдаа ганцаараа хийж чаддаг хэвшилд сургана.
Чи чадахгүй, болохгүй гэсэн үгсийг хэлээд байх юм бол хүүхэд хөдөлмөрлөх идэвхигүй болохын эхлэл тавигдана. Монгол ахуй бол тэр чигээрээ хүүхдийг хөдөлмөрт сургах, хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах асар нарийн уялдаа бүхий хүмүүжлийн систем байсан.
Энэ ч утгаараа аав ээж нь хүүхдээ хөдөлмөрт дагуулан сургаж, өөрсдөө үлгэрлэн үзүүлдэг байсан ажилсаг ард түмэн. Цагаан идээгээ гар аргаар боловсруулж, хоолны гурилаа гараараа бэлтгэн өдөр бүр шинээр хийж иддэг учир эрүүл хоол хүнс хэрэглэдэг, энэ нь хүүхдийг өдөр тутмын амьдралдаа хөдөлмөрт хэвшүүлэн сургаж, залхуу хойргоос холдуулдаг зөв дадал байжээ.
Орчин үед суурин соёл иргэншил, техник технологийн үсрэнгүй хөгжил, олон төрлийн үйлчилгээнүүд бий болсон, мөн аав ээжүүдийн бэлэнчилэх сэтгэлгээний хэвшил, өөрсдөө үлгэрлэн хөдөлмөрт сургахгүй байгаатай холбоотойгоор хүүхдийн хөдөлмөрч дадалд өдөр тутмын амьдралаас суралцах нь ховор болсон.
Гэтэл Монгол ахуйд хонь хариулах, тугал татах, унага татах, морь уургалах, сургах, уналга ачилганд хэрэглэх, нүүдэл суудал зэрэг ахуйн ажилд хүүхдийг татан оролцуулж хөдөлмөрт, цаашилбал амьдрах ухаанд сургадаг уламжлалтай.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…