ХҮҮХДЭЭ ЁС ЗҮЙТЭЙ

ХҮҮХДЭЭ ЁС ЗҮЙТЭЙ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ

Ёс зүйтэй, ёс суртахуунтай бие хүн төлөвшүүлэх нь ахмад үе, аав ээж, гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг. Учир нь хүн бүр нийгмийн өмнө хүн болох, хүн байх үүрэг хүлээдэг. Тэгвэл бид бүгдээрээ л хүн болох анхан шатны мэдлэгийг гэрийн хүмүүжлээр олж авдаг.

 Гэр бүлийн хүмүүжилд ёс зүйтэй байхын утга учрыг танисан хүүхэд аливаа зүйлийн болох болохгүйн заагийг мэдэж, дадал хэвшил болгож чаддаг. Болох болохгүйн зааг нь мэдээж сайн болон муу зүйлийг ялгаж салгаж ойлгох энгийн зүйл.

Хүүхдэд үзүүлж харуулж болохгүй зүйл, хүүхэд сонсож болохгүй яриа, хүүхэд хэлж болохгүй үг гэх зэрэг хүүхдэд цээрлэх ардын уламжлалт сайхан ёсон бидэнд өвлөгдсөн. Үүнийг судлан тогтоож, ухан ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх нь мөн л аав ээжүүдийн үүрэг.

Тэгэхээр ёс зүй нь хэм хэмжээтэй салшгүй холбоотой ойлголт болно. Гэрийн бүлийн гишүүн бүрийн баримтлах хэм хэмжээ, болох болохгүйн заагийг ялгаж салгаж өгөх үүрэг ахмад үе болон аав ээжид оногдоно.

Ёс зүй төлөвшсөн хүн өөртөө болон өрөөл бусдад, гэр бүлдээ, нийгэм хамт олондоо, хүн бүрд ёс зүйтэй ханддаг бөгөөд тэр ч бүү хэл эдэлж хэрэглэх бүх зүйлсэд хэм хэмжээг тохируулж сурсан байдаг. Энэ нь эргээд амьдралын зөв хандлагыг бий болгож, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлдэг.

Энгийнээр хэлбэл миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг л ухамсарлах нь ёс зүй юм. Бидний их л томоор ярьдаг ёс зүй бол маш энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг сайтар ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь ёс зүйтэй ирээдүй төлөвшүүлэхэд тусална.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ