ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ТОГЛОХ

Аав ээж бүхэн хүүхэдтэйгээ хамт тоглох цаг завыг заавал гаргадаг байх хэрэгтэй. Мэдээж амьдралын олон асуудлууд, бэрхшээлүүд бидэнд бий.

Гэхдээ л хүнд хэцүү үеийг даван туулахаар сайн сайхан амьдралын төлөө зорьж явах хооронд бидний хүүхдүүд ямар хүн болон төлөвшиж байгаад анхаарлаа хандуулах ёстой.

Ингэж анхаарал хандуулах хамгийн зөв арга нь хүүхэдтэйгээ хамт тоглох, хамт тоглохдоо тэдний төлөвшлийг ажиглах, тоглоомоор нь дамжуулан засаж залруулах, хэл яриаг нь анзаарах гээд маш олон үүргийг нэг дор хэрэгжүүлэх боломжтой.

Монголчууд бид хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг тоглоом наадгайгаар дамжуулан олгохын зэрэгцээ аав ээж хүүхэд хамт тоглодог сайхан уламжлалтай. Тиймээс ч Монгол ардын хүүхэд хүмүүжүүлэх ухаанд “хүүхэдтэйгээ хамт тоглож наад, хүүхэдтэйгээ нэг үйл хий, хүүхэддээ амьдрах ухаан заа” гэх мэтээр заасан байдаг.

Монгол уламжлалт тоглоомууд нь амьдрах ухаанд сургах, аливаа зүйлсийн учир холбогдлыг илэрхийлсэн байдаг нь аав ээжүүд хамт тоглосноор хүүхдэд зааж сургах хүмүүжлийн утгыг агуулдаг. Жишээ нь: Шагайгаар наадах тоглоомууд нь гэр бүлээрээ тоглох боломжийг олгож, хүүхдэд шударга зан чанар төлөвшүүлэх, Монгол ахуйг танин мэдэх шинж чанартай байхаас гадна хожиж хожигдож сурахад нь тусалдаг.

Мөн бог малын шагайг чөмөгнөөс салган авч сайтар цэвэрлэн цуглуулж, тоглоомоо өөрсдөө бэлтгэх, Монгол ахуйг танин мэдэх, байгалийн чулуугаар эд зүйлсийг дүрслэн тоглох зэргээр хүүхдийг тоглоомоор дамжуулан бүтээлч, хөдөлмөрч дадалд сургаж байжээ.

Монгол тоглоом наадгай нь хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэхийн зэрэгцээ бие бялдрын хөгжилд чухал нөлөө үзүүлж, сууж сургах, анхаарал төвлөрөлт, хүндлэлийг төлөвшүүлэх, овсгоо самбааг хөгжүүлэх, ажигч гярхай болгох, хөдөлмөрч бүтээлч дадал хэвшүүлэх гэх мэт маш олон талын ач холбогдлыг агуулдаг байна.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ