Өвөг дээдэс маань соёлын асар их өв уламжлалыг бидэнд өвлүүлэн үлдээжээ. Үүн дотроос хүүхэд хүмүүжүүлэх арга ухааныг олон сайхан зүйр цэцэн үгс, үлгэр домгоор дамжуулан уламжилсан байдгийг бид мэддэг хэрнээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байсаар л байна.
Хамгийн наад зах нь хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа сайжруулах ямар мэдлэг, мэдээлэл үнэн бодит мэдээллийг хаанаас авахаа ч тэр бүр мэдэхгүй л байна. Тиймээс ялангуяа залуу аав ээжүүдэд зориулан хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаарх хамгийн энгийн жишээ болгож эрт дээр үеэс хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг товчхон илэрхийлсэн гүн утга санаа бүхий дараах зүйрлэлүүдийг өөрийнхөөрөө тайлбарлая. Үүнд:
- 0-5 насанд ХААН мэт өргөмжил
- 6-15 насанд ХАРЦ мэт дагуулан ажилла
- 16-аас дээш насанд ХАНЬ мэт зөвлөн харьц гэдэг.
0-5 НАСАНД НЬ ХААН МЭТ ӨРГӨМЖИЛ гэдэг бол энэ насны хүүхдийг эрх дураар нь байлга гэсэн санаа мэт ойлгох нь буруу юм. Учир гэвээс хаан хүн хэдийгээр их эрх мэдэлтэй, бүхнийг захирах эрхтэй байдаг ч хаанд хүртэл хариуцлага байдаг гэсэн санааг хэлжээ. Өөрөөр хэлбэл 0-5 насны хүүхдийг хаан мэт өргөмжиллөө ч дураар нь байлгах биш зөв буруугийн зааг ялгааг танин мэдүүлж, болох болохгүйг сургах, насанд нь тохирсон хариуцлагыг мэдрүүлэхийг цаад утга нь тодорхой хэлжээ.
6-15 НАСАНД ХАРЦ МЭТ ДАГУУЛАН АЖИЛЛА гэдэг нь ажил хөдөлмөрт сургаж эхлэх, зүгээр ч нэг тийм юм хий, тэг ингэ гэхээсээ илүү өөрөө дагуулан ажил хөдөлмөрийг зааж сурга гэсэн утгыг илэрхийлж байна. 3-4 наснаас хүүхэд бүхнийг би өөрөө хийе, би хийж чадна гэж, өөрөө гэрийн ажилд туслах сонирхолтой болж, би хийе, би…би… гэсэн хандлагатай болдог тул энэ үеэс өөрийн сонирхолд нь нийцүүлэн ажил хөдөлмөрийг зааж сургаж эхлүүлээд цаашдын хөдөлмөрч дадал, ажилч хичээнгүй байдалд сургана гэсэн үг юм.
16-ААС ДЭЭШ НАСАНД ХАНЬ МЭТ ЗӨВЛӨН ХАРЬЦ гэдэг нь хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцсанаар том хүний нэгэн адил үзэл бодлоо хуваалцах, аав ээждээ итгэх итгэлийг бий болгох, амьдралын чухал шийдвэр гаргахдаа алдахгүй байх зэрэг олон чухал утга санааг агуулж байна. Өөрөөр хэлбэл өсвөр насны хүүхдүүдийн үзэл бодол төлөвшөөгүй байдаг тул найз нөхдийн болон хэн нэгэн хүний буруу ятгалганд орох магадлал өндөр бөгөөд энэ үедээ гаргах аливаа шийдвэр цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг тэр бүр мэддэггүй.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…