ЭРТЭЛ СЭРГЭ

ЭРТЭЛ, СЭРГЭ, ИДЭВХИЙЛ

Эртэч амьдралын дадал хэвшлийг хамгийн түрүүнд энд ярих хэрэг гарна. “Эрт босвол нэгийг үзнэ” гэсэн ардын үг байдаг даа. Тэгэлгүй яахав өглөө эртлэн босох тусмаа тухайн өдрийн ажил саад багатай хурдан амждаг шүү дээ. Тархи толгой ч сэргэг, оюун ухааны чадвар өндөр байна, ажлын идэвх, эрч хүч зэрэг хүний чадамжууд сэргэг байна гэсэн үг.

Тиймээс л эрт босохын чухлыг Монголчууд үр хүүхдүүддээ сургамжилсаар ирсэн. Аав ээжүүд маань ч өөрсдөө эрт босож үлгэрлэн хүмүүжүүлдэг уламжлалтай. Хүүхдээ хүмүүжүүлэх ухаанд “нойронд автуулахаас болгоомжилж, эрт босохыг хичээдэг болго” хэмээн сургадаг.

Угаас нүүдэлчин амьдралын хэвшил маань эрт босохоос өөр аргагүйд хүргэдэг. Эртлэн босож мал аж ахуйгаа эмхэлж цэгцлэхгүй бол өөрөөс шалтгаалах бүх ажлууд хоцрогдон, оройтож босон залхуурсныхаа горыг төд удалгүй амсдаг бодит амьдрал өөдөөс тосно.

Орчин үед эрт босохын ач тусыг олон янзаар шинжлэх ухаанч байдлаар тайлбарласан байдгийг бид мэднэ. Эрт босож хэвших нь эрүүл мэндэд тустай, илүүдэл жингээ хасахад тусалдаг, ажлын бүтээмж өндөр байхад эерэг нөлөө үзүүлдэг, эсвэл сэтгэл санаагаар өөдрөг болгодог ч гэдэг юм уу эдгээрийг дурдсан хувь хүний хөгжлийн номууд ч олон байдаг.

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсч буй хэн бүхэнд заавал төлөвших зөв дадлуудын нэг яах аргагүй эртэч хэвшилд сурлацах юм.

Одоо бид өөрсдийн амьдралын хэв маягаа харахаар унтах цаг хэтэрхий оройтвол өглөө эрт босохдоо хойрго ханддаг. Ялангуяа бага залуу насанд нойр ихтэй байдаг тул цагаа зөв төлөвлөхгүй л бол өглөөд эрт босох боломжгүй.

Энд дахиад л дадал хэвшлийн тухай яригдаж байгаагийн учир энэ. Оройтож унтсан хүн өглөөд нойрмог байх нь ойлгомжтой бөгөөд эрт босохын тухайд ярихын ч хэрэггүй. Ядаж л үүнийг муу зуршил болгохгүй өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Өөрөөс л шалтгаалах зүйл шүү дээ. Хангалттай унтаж амарна гэдэг эрүүл амьдралын зөв дадал учраас түүнийг бодолцон унтаж амрах цагаа ч төлөвлөнө гэсэн үг.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ