Сайхан ярих хүмүүс олон болжээ дээ. Сайхан ярьдаг шигээ сайхан хөдөлмөрлөхгүй болохоор л улс хөгжихгүйн нэг шалтгаан энэ юм. Бүгдээрээ улс төрч болох биш гоё яриад яадаг юм. Зарим нь яриад, ихэнх нь ажиллая л даа, хөдөлмөрлөе. Хийж бүтээж байгаагаа бас дэмжие, хамтаръя, яагаад болохгүй гэж.
Улс төрчид нь бурж л байг, үгэнд нь мунхрахгүй байхад суралцах хэрэгтэй байна бас. Үүний тулд жаахан юм уншаад, төрөл бүрийн мэдээллүүдийг ялгаж салгаж ойлгодог, дотроо тунгаадаг болчихвол, сайхан яригчдад итгээд дагаж намирахаа больчихно доо. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өргөн хүрээний мэдлэгтэй болохын тулд их уншиж, сайтар тунгаах шаардлага тавигдаад байна одоо цагт.
Харин соён гэгээрүүлэгчид, эрдэмтэн мэргэд, судлаачид, бичиг соёлын хүмүүсээ сайн сонсмоор байна. Зүгээр ч сонсоод өнгөрөхгүй сэжүүрээс нь атгасан бол мэдлэгээ тэлэхийн тулд цааш нь харьцуулан судалж, дүн шинжилгээ хийгээд, авах гээхийн ухаанаар хандаж, дотроо боловсруулалт хийж сурмаар байгаа юм.
Мэдээлэл бол нээлттэй л байгаа шүү дээ. Нэг хүн нэг юм ярьчихаар л үнэн худлыг нь мэдэхгүй байж цааш нь дамжуулахын хэрэг ер байна уу даа! Эх үүсвэр, үндэслэлийг олж тунгааж, тархиндаа боловсруулж байж цааш нь түгээж байвал зүгээрсэн. Хоолыг зажлаад залгидаг биз дээ, түүн шигээ мэдээллийг тархиндаа зажилж байгаад түгээхэд суралцмаар байна.
Тархиндаа тунгааж шүүхэд суралцчихвал гараар бүтээх, хөдөлмөрлөх үндэс нь бүрдээд ирэх нь гарцаагүй. Хөдөлмөрлөх явцад тархи өөрийн эрхгүй цэнэглэгдээд эхэлнэ. Нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн хөгжүүлнэ гэх юм уу даа, тийм учиг холбоо бий. Гар хөдөлж байж тархи хөгжинө, тархи хөгжиж байж гар илүү их хөдөлнө гэсэн үг…
…Ер нь бол ярих нэг хэрэг, хийх өөр хэрэг гэдгийг амьдралдаа хэрэгжүүлчихвэл ч…
2020.03.15