ӨГЛӨӨНИЙ ЭРТЭЧ

Өглөөний эртэч хөдөлмөрч хүмүүс

Бидний орчин тойрныг цэвэр цэмцгэр байлгахын төлөө унтах нойроо хугаслан, хар утаа, хайруу хүйтнийг үл анзааран ажиллах энэ л хүмүүс. Маск зүүсэн нэг ч хүн алга, уг нь хөдөлмөр хамгаалал энэ тэрээрээ ч болов ажлын хангамжинд нь ядаж тоосны маск байдаггүй л юм байх даа…

…Мөрөн дээрээ шүүр тохож, дуу аялан хурдан хурдан алхах залуу аз жаргалтайгаар ажилдаа яаранхан явна. Алхаагаа удаашруулаад зургийг нь дарав, анзаараад сайн харвал хариуцлагатай сайн аавуудын тод томруун жишээ. Олон диплом өвөртөлчихөөд ажил олдохгүй шалтгаанаар гэртээ хэвтэж, хаа нэгтээ гялгар гялтгар хувцас сэлтээр гоён алхах толгой хоосон зарим нэгэн заслуусаас тэс өөр хүн энд алхаж явна, ажилдаа яаран, амьдралд тэмцэж явна… 

…Машин зам дагуу хог шүүрдэх настайвтар ах ажлыг бол гялалзуулж байна. Нааш цааш хөлхөх энэ олон машины гэрэл нүд гялбам байвч, тэр үл түүртэнэ. Ямар сайн хараатай юм, жижигхэн чихрийн цаасыг хүртэл олоод шүүрдчих юм. Үлгэр жишээ, ажилч хичээнгүй сайн аавуудын бас нэгэн тод жишээ, бахархал төрмөөр, хайрлахгүй байхын аргагүй амьдралын төлөөх, үр хүүхдийнхээ төлөөх тэмцэл…

…Хогийн том савыг замын ховилоос чадан ядан гаргаж түрэх эгч, өөрийнх нь биетэй харьцуулахад тэр том хогийн сав, дүүрэн хогтой учир даагдахын аргагүй харагдана. Гэтэл чадлаараа түлхээд л, зам дагуух хогийг түүсээр, цэвэрлэсээр. Барилгын хог овоолоод хаячихсан тэр хэсэг дэх даагдахгүй их хогийг борви бохисхийлгүй хогийн сав руугаа хийсээр. Эцэж цуцдаггүй мэт чадалтай, энэлж шаналдаггүй мэт амгалан тайван харагдана. Эх хүний хайрын харц, энэрэн нигүүлсэх сэтгэлийн уужим нэвт шувт гэрэлтэнэ…

…Гэх мэт өглөө бүр тааралдах танил дүр зураг…

…Ухамсаргүй нэгний татаад хаясан тамхины иш, уусан ундааны сав, чихрийн цаасыг эсвэл орцондоо, гудамжинд гаргаад юу ч бодолгүй шидчихдэг бидний хогийг цэвэрлэсээр, барагдана гэж үгүй тэр их хогийг энэ хэдхэн хүн өдөр бүр цэвэрлэх нэг л дүр зураг. Байж л байдаг, хийх ёстой ажлаа хийж л байгаа энгийн дүр зураг…

…Халуунд халж, хүйтэнд хөрнө, хатуу хөтүүд үл цөхрөнө, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллана, үл гомдоллоно, өглөө эртлэн босоод ажилдаа яарна, дуу аялан алхана, инээмсэглэнэ, адилхан хүмүүс шүү дээ, арай ухамсартай байхсан хэдүүлээ…

…Өндөр шилэн оффист тухлан ажиллах зарим нь өглөө эрт босмооргүй, ажилдаа дуу аялан явах нь байтугай дуртай дургүй гэлдэрнэ, хараал урсган түгжирнэ. Шүлс нусаа үсчүүлэн энд тэндгүй цацна, шүүр барьсан ажилчид тэрийг нь цэвэрлэнэ, дуртай газраа морь мал шиг морь харна, согтуу хөлчүү бөөлжинө, нөгөө хэдэн хүмүүс л цэвэрлэнэ…

…Тэд эгэл атлаа эрхэм хүмүүс, байгаадаа сэтгэл хангалуун, байхгүйгээ байлгахын төлөө хөдөлмөрлөсөөр, зүтгэсээр, болж бүтэхгүйг ч болгохын төлөө хичээсээр. Үнэхээр хайрламаар, бахархмаар, бас өөрсдөөсөө ичмээр, биеийн амрыг харан суугаа залуус бол бүр орох байх газар олдохгүй л баймаар…

2019.01.10

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ