БҮҮ ЯАР

Бүү яар дүү минь!

Залуус дүү нар минь дарга болох гэж бүү яар! Хүсвэл чи өөрөө жаахаан хичээхэд л дарга болно, ер нь бага зэрэг оройтвол дээр. Оройтно гэдэг нь амьдарч үзсэний дараах, алдахдаа алдаж, унахдаа унаж, босохдоо боссоны дараах үе юм. Өөрийн биеэр бүхнийг туулсны дараах, өр зүрхээрээ таньж мэдэрсний дараах үе юм…

Залуу сайхан насаа хүнийрхэж битгий зовоо, хүлж бүү тарчлаа. Хөмсөг зангидаж чухал царайлахад хөөрхий залуу махбодь хичнээн өрөвдөм харагддаг гээч. Хүнийрхэнэ гэдэг хүнийг дууриаж, өөрийгөө хүлж барьж хэлбэрдэхийн нэр юм. Цэл залуу насны цээж дүүрэн биш, цэвдэг хөндий хоосон оргихыг хэлж байгаа юм.

Хөгжиж төлөвшөөгүй хэрнээ учир мэдэхгүй зандчихад ХҮН ухамсар, оюун ухаан чинь хичнээн их самуурдаг гэж санана. Намын ах нараас юм сурч болноо, наанатай цаанатайг ялгаж мэдэхгүй бол ядаж л муйхарлан бүү дага! Насны амьдралыг чинь баллахаас нь өмнө ухаар, намба суусан хойноо аяндаа л дарга болно.

Дүү минь чамд аминчлан захихад өөрийгөө танихад залуу насаа зориул, өсөлт дэвшлийг тархиндаа л хий, амьдрах ухаанд суралц, алхам алхмаар боловсорч хөгж, аяндаа л дарга болчихно. Өөрөө өөртөө дарга болчихвол өрөөл бусдыг манлайлж, өөлөхийн аргагүй, яриангүй сайн дарга болно…

2018.05.30

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ