ГОЛЛОХ СОНИРХОЛ

Голлох сонирхол бий юу?

Голлох, гоцлох, гол дүр байх ч гэх юмуу тийм нэг сонирхол бидэнд хаа сайгүй байх. Авто зам дээр голын зураасаар жишим ч үгүй жолоодно, явган зам дээр голоор нь яваад л хажуугаар нь зөрөх боломж өгөхгүй, гудамжны урт сандал дээр ганцаархнаа голлоод суучих жишээтэй. Өөр хэн нэгэнд суух зай үлдээе гэсэн бодол байхгүй…

Энгийн амьдралд хүмүүжил нь анхнаасаа голлох, гол дүрд тоглохын төлөөх сонирхол руу хөтлөөд байгаа юм биш биз? Боловсролын системээр жишээ авахад л тэр чигээрээ голлохын төлөөх тэмцэл. Бөөн олимпиад уралдаан, медаль тэмдэг, өргөмжлөл, цол гуншин. Тэдгээрийн төлөөх өрсөлдөөнөөр хэлбэрдэлт төдийд дийлдээд, агуулгаа орхигдуулсан хэвээрээ л байх уу?

“БИ”-гээр өвчлөгчид хаа сайгүй хашгираастай, тэднийг өөгшүүлэн хошуурцгааж л явах уу? Гадаад өнгө үзэмжийг чухалчлан хэлбэрдээд дотоод мөн чанар алдагдсан хэвээр нь орхих уу? Өөрийн би гэдэг нь “Өөрийгөө танисан” даруухан, намуухан ертөнц биш бил үү? Өндөр дуугаар хашгирч зарлаад, өрөөл бусдад сайн хүн болж харагдах хэлбэрдэлт мөн гэж үү?

Бид ер нь л амьдралын бодит дүрийг бүр мартчихсан юм биш биз?. Гол дүр байх, гялалзах, гялтганахыг илүүд үзэн, олны танил эсвэл “од” гэсэн тодотгол руу хэлбэрдэн хуйлраад байгааг юм биш биз? Сайн гэсэн болгоныг болж өгвөл өөртөө хамаатуулах гэж зүтгээд, аль болох л голлох гээд байна уу даа? Юунд ч хэрэгтэй гэж? ямар ач холбогдолтой гэж голлох сонирхолд дарлуулаад байна?

Аль ч өнцгөөс харсан, ямар ч сэдвээр ярьсан, яаж ч эерэгээр харах гэтэл “Голлох сонирхол” гэгч булан тойроод л мэдрэгдэх, бултайж нүдэнд тороод байх. Хүн бүр өөрөөсөө асуугаад үзээрэй!

2020.08.18

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ