Хорвоо ертөнцийн утга учрыг ойлгож ухаарахын тулд хамгийн эхлээд хүн өөрийн дотоод мөн чанарыг танин мэдэх нь чухал. Өөрийн мөн чанарыг танин мэдэх нь байгаль эхээс хүйн холбоотойгоо мэдрэх, ертөнцийн түмэн зүйлсийн утгыг ухан ойлгох үндэс суурь болно.
Хэдийгээр хүн бүрийн амьдралын хэв маяг өөр өөр байдагтай адил хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл өөр өөрөөр төлөвшин тогтсон байдаг. Үүнд нөлөөлөх анхдагч бөгөөд хамгийн чухал орчин бол гэр бүл дэх хүмүүжлийн орчин юм.
Тиймээс хүүхдэд өөрийгөө танин мэдэх, ертөнцийг үзэх үзэл зөв төлөвшин тогтоход туслах бол аав ээжүүдийн чухал үүргүүдийн нэг билээ.
Ертөнцийг үзэх үзэл нь явцуу хүрээнд байгаа хүн өөрийн гэсэн үзэл бодолгүй бусдыг аялдан дагалдагч, аливааг тунгаах чадваргүй, мунхаг уур ихтэй, амин хувиа хичээгч, нэгэн хэвэнд цутгасан мэт мэдэмхийрэгчид болон төлөвшдөгийг өнөөгийн бидний нийгмийн энгийн жишээнээс харж болохоор байна
Ертөнцийг үзэх үзэл зөвөөр төлөвшин тогтох нь тухайн хүүхдийн аливаад хандах хандлага, амьдралыг зөв өнцгөөр харах, зөв бурууг ялган тунгаах, өргөн мэдлэг, өрөөл бусдыг хүндэтгэх, өөрийгөө танин мэдэх, учирсан саад бэрхшээлийг даван туулах, элдэв ятгалга болон буруу зүйлд татагдахгүй байх, аливаа зүйлсийн үнэ цэнийг ойлгох гээд маш олон чадварууд бий болдог.
Энд хамгийн чухал бөгөөд заавал мөрдөх зарчмын нэг бол ном унших юм. Ном болгоны зохиогч бүр өөр өөр, түүнтэй нэгэн адил номноос олж авах мэдээлэл, мэдлэг нь өөр өөр бөгөөд өргөн хүрээг хамардаг учир хүүхдэд өөрийн дотоод мөн чанарыг танин мэдэх, харьцуулан жиших, шинжин судлах замаар өөрийн “БИ”-гээ олоход нь тусалдаг.
Ном уншдаг хүн олон талын мэдлэгтэй байхаас гадна ухаан тэнүүн, сэтгэлгээ уужим, нүд тогтуун, авир амгалан, сэтгэл баясалтай, өөрөө туулж мэдрээгүй ч аливаа зүйлийн утгыг ухан ойлгох ухааны тэнхээтэй болдог.
Хүүхэд гэлтгүй өнөөдөр аав ээжүүд бид өөрсдөө хэр их ном уншиж байгаа вэ? Хүүхдээ ном унш гэж хэлчихээд та өөрөө ухаалаг утас ширтээд аль эсвэл зурагт үзсээр сууна уу? Танай гэрт номын сан байгаа юу? Та хүүхдэдээ ном биш амттан эсвэл тоглоом л авч өгсөөр байна уу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуухад танд ямар зураглал, ямар мэдрэмж төрж байна?
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…