МӨРӨӨД ЗОРЬ

МӨРӨӨД, ЗОРЬ, ШИЙД

Мөрөөдөл гэж яг юу вэ? Дүү минь чи хэр их мөрөөдөж байна? Яаж мөрөөдөж байна? Яагаад мөрөөдөх хэрэгтэй юм бэ? зэрэг олон олон асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй! Мэдээж хүн бүхэнд мөрөөдөл бий.

Хэрвээ мөрөөдөлгүй бол даль жигүүргүй шувуу гуниглан гансрах шиг хичнээн уйтай билээ. Мөрөөдлийг би л хувьдаа хүршгүй өндөрлөг биш сэтгэлд багтах орон зай гэж хэлнэ.

Сэтгэлд багтана гэдэг учиртай, сэтгэлд багтсан бүхнийг боломжгүй байлаа ч хичээл зүтгэлээр бий болгож болно. Харин сэтгэлд багтахгүй байвал энэ нь хий хоосон мөрөөдөл гэсэн үг.

Тэгвэл энэ сэтгэлд багтахыг зорилго гээд нэрлэчихье. Өөрөөр хэлбэл мөрөөднө гэдэг зорилготой байхыг хэлж байгаа юм. Томоор мөрөөд гэж зарим хүн хэлдэг, тиймээ болно, болохгүй зүйл үгүй. Гагцхүү тэр том мөрөөдөлдөө хүрэх шатны гишгүүр бүр нь өөрөө зорилго юм. Чи маш гоё сайхнаар мөрөөдөөд зүгээр суугаад байх уу? Эсвэл түүнд хүрэх шатыг, шатны гишгүүрүүдийг өөрөө бүтээх үү? гэдэг ялгаатай зүйл.

Төсөөлөөд үзье л дээ, жирийн өндрөөр хүрч боломгүй зүйлд хүрэхийн тулд шат хийе гэвэл энэ шат бол мөрөөдөлдөө хүрэх шийдвэр, харин шатны гишгүүр бүр нь мөрөөдлөө биелүүлэх зорилго юм. Шийдвэрийн тухайд олон дахин яригдах болно. Яагаад гэхээр хүн шийдвэр гаргана гэдэг аливаа бүхний эхлэл болдог учраас.

Суралцах шийдвэрийн тухай өмнө дурдсан. Түүнтэй нэгэн адил мөрөөдөлдөө хүрэх шийдвэр бол мөрөөдлөө гүйцээхийн эхлэл буюу чиний урлан бүтээх шат юм. Тэрхүү шатыг хийчихээд түүгээр дээш алхахгүй бол хөдөлмөр зүтгэл талаар өнгөрнө, үр ашиггүй шаттай л үлдэнэ. Шатаар эхний алхмаа хийгээд эхэлчихвэл мөрөөдөлд хүрэх эхний зорилго биелж байгаа нь тэр.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ