ТЭВЧ ХАТУУЖ

ТЭВЧ, ХАТУУЖ, ЗӨӨЛӨР

Хүний амьдралд таашгүй түмэн үйл явдал сайнтай саартайгаа ээлжлэн байдаг. Энгийн өдөр тутамдаа ч эсвэл олон сар жилээр үргэлжилж болох тэрхүү сайн эсвэл саарт бид хэрхэн хандах ёстой талаар дүү минь чи бодож байв уу?

Юу ч тохиолдсон сэтгэлийн тэнхээтэй байх талаар хүн болгон ярьж, зөвлөх ч санаснаар тэр бүр болж өгдөггүй нь яг юутай холбоотой юм бол? Тэсэж тэвчихийг ихэнхдээ хүмүүс хэцүү бэрхийг даван туулахтай холбон тайлбарладаг.

Харин би эсрэгээр нь сайн сайхан аз жаргалтай холбон тайлбарлая. Яагаад гэвэл хүн жаргалаа тэвчиж чадалгүй зовлонд унах гээд байдаг болохоор. Монголчууд хэлдэг, “жаргалтай газар хүн тогтохгүй, өвстэй газар мал тогтохгүй” гэж. Яг үүнийг л хэлээд байгаа юм. Хүн “жаргал даадаггүй, зовлонг даадаг” гэсэн үг ч байдаг.

Яагаад жаргалтай газар хүн тогтдоггүй юм бол? Зовлонг дааж чаддаг атлаа жаргалыг яагаад даадаггүй юм бол? Жаргалаа тэвчиж чадахгүй байж яагаад зовлонг тэвчиж бардаг юм бол? гэх зэрэг асуултууд гарч ирнэ.

Өөрийгөө анзаараад байгаарай, бүх зүйл бүтэмжтэй, амар тайван, элбэг дэлбэг байх тусмаа хүн улам залхуу болоод байдаг. Жаргалтай байгаа нь сайхан ч үүний эсрэг сөрөн зогсох ухаан зарж, өөрийгөө сорьж, хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй!

Тэгвэл жаргал гэгч чухам юу юм бол? Хэрвээ дүү минь чи аав ээжтэйгээ элэг бүтэн хамтдаа амьдарч, орох орон гэртэй, эд материал элбэг, мөнгө төгрөг хангалуун, санаа амар аж төрж байгаа бол их азтай, бас хувьтай хүн юм.

Энэ бол жаргал юм, гэхдээ өсөхийн жаргал юм. “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү бод” гэсэн ардын сургаалыг санууштай гэдэг утгаар жаргал бол түр зуурын байдаг учир тэвчээртэйгээр ухаажихыг сануулах гээд байгаа нь энэ. Бүх зүйл бэлэн, амар хялбар ингээд л жаргалтай амьдарч болдогсон бол хүмүүс төлөвших, ухаарах, танин мэдэх, боловсрох, суралцах, хөгжихийн хэрэг юун.

Нэг талаар үүнийг жаргал гэж хэлэх ч нөгөө талаар энэ бүхэн хүн хэрэгцээт бүх зүйлсээр дутагдаж гачигдахгүй байгаа нь энэ. Хэрэгцээт зүйлсээр дутагдаагүй л бол хүн жаргалтай байдаг гэж бид боддог. Энэ үнэн, гэхдээ хүний сэтгэл тайван, амгалан байх тусмаа илүү их жаргалтай болно.

Харин хүн бүхэн үүнийг тэр бүр ойлгон ухаарч чаддаг болов уу?

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ