#Монгол_ухаан4

Урла Тогло яагаад?

Ардын сургаал үг, зүйр үгсийг хүүхдийнхээ чихэнд нь сонсгож хэвшүүлье! Жишээ нь:

Хүн ахтай

Дээл захтай.

Монгол ухаанд өөрөөсөө ахмад хүнийг хүндэтгэхэд сургадаг заншилтай. Тиймээс л ах захаа хүндэтгэхийг сургамжилсан олон сургаал үг байдаг.

Залуу аав ээжүүдээ! Таны хүүхэд өвөө эмээгээ, аав ээжийгээ, ах эгчийгээ, өөрөөсөө ахмад хүнийг ТА гэж биш ЧИ гэж дууддаг бол анхаараарай! Энэ үгнээс л бусдыг, ахмад хүнийг хүндэтгэх ухаан дэлгэрдэг юм шүү…

Монгол сургаал үг, зүйр цэцэн үгсийг хүүхдийн төлөвшилд хэрхэн хэрэглэж хэвших вэ?

Хүүхдийн хийсэн үйлдэлд нь тохирсон зүйр үг хэлээд тайлбарлаж өгөх, ихэвчлэн бурууг нь зөвтгөхдөө хэрэглэж байвал зүгээр.

Жишээ нь: Хүүхдүүд хоорондоо муудалцан уурлаж уйлалдвал:

Ахаа алд хүндэл

Дүүгээ дэлэм хүндэл гэдэг юм.

Ах эгч нь дүүгээ, дүү нь ах эгчийгээ хүндлэх хэрэгтэй шүү! Алд гэдэг нь ийм гээд гараараа дэлгэж үзүүлээд, дэлэм гэдэг нь ийм гээд дүү рүү нь илүү нухацтай харж байгаад хэлж өгөөрэй! Хүүхдүүд ялгааг нь маш сайн ойлгоно.

Хүндлэл гэдэг нэгнээ хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илэрхийлэл юм. Ах зах хүнийг арай илүү хүндэтгэнэ, хариуд нь ах эгч нь дүүгээ ч мөн хүндлэх ёстой гэх зэргээр нэмэлт тайлбарыг хүүхдэд хэлж байгаарай!

Асуусан асуултанд нь хариулахдаа ч бэлэн байх хэрэгтэй. Жижигхэн харилцан яриа үүсгэж, өөртөө дүгнэлт хийх, бодох боломжийг нь ч олгож байхаа мартаж болохгүй.

Монгол ухаан гэдэг ийм сайхан. Уламжлалт хэмжээсээ бодитоор харуулаад хүүхдэд ах захаа хүндлэхийн учрыг таниулж байгаа юм.

Үүний нэгэн адил аав ээжүүд бид жаахан л сэтгэл, цаг гаргачихвал Монгол ухаанаа дэлгэрүүлэх нь их энгийн, бас үр дүнтэй хүмүүжлийн арга болдог.

Иймээс хүүхдийн зан чанарын төлөвшлийг анзаарч хараад, засаж сайжруулах зүйл байвал Монгол сургаал зүйр үгсээр тайлбарлан ойлгуулж байхыг “Урла Тогло” уриалж байгаа юм.

Жишээ нь: Хүүхэд хичээл хийх дургүй, даалгавраа цаг тухайд нь хийхгүй байвал:

Эрдмийг хичээлээр сурдаг

Эрлийг сургаар олдог

Миний хүү/охин одооноос багаасаа л эрдэм ном сурахын төлөө хичээх хэрэгтэй. Хичээнэ гэдэг шинэ мэдлэг олж авахын төлөөх уйгагүй оролдлого юм.

Анх А үсэг сураад, дараа нь бусад үсгүүдийг сурснаар бичиж, унших эрдэмд суралцсан шүү дээ. Түүнтэй адилаар өдөр бүр өөр өөр мэдлэгийг олж авахыг эрдэмд хичээн суралцах гэж байгаа юм. Эрдэмд хичээн суралцвал зөндөө их мэдлэгтэй, ихийг хийж бүтээж чаддаг сайн хүн болно гэх мэтээр тайлбарлана…

“Эрлийг сургаар олдог” гэж юу гэсэн үг вэ гэхээр малчин айлын адуу мал ойр орчимдоо биш өөр хол газарт явчихсан бол эрж хайх хэрэг гарна. Яаж эрэх вэ гэхээр замд тааралдсан хүнээс, айлаас асууж сураглана, ингэж явсаар эрж хайснаа олно. (Энд давхар Монгол ахуйн талаар ойлголт өгчихөж байгаа юм).

Үүнтэй жишиж хэлсний учир гэвэл эрдмийг хичээлээр сурахад бас эрэл хайгуул хэрэгтэй байдагтай холбоотой. Тэгэхээр мэдэхгүй эсвэл ойлгохгүй зүйлээ багшаасаа сайн асууж, учрыг нь олж байгаарай гэсэн үг.

Аав ээж нь ч бас мэддэг бүхнээ хэлж өгөхөд бэлэн байна гэдгээ ойлгуулвал хүүхэд их дуртай байдаг.

Энэ мэтчилэн хүүхдийн сурах үйлийг дэмжих, эрэл хайгуул хийж, илүү ихийг сурахын төлөө тэмүүлэхэд нь дэм болоорой!.

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ