Хүний олон янзын сэтгэл хөдлөлүүд дотроос хамгийн аюултай илэрхийлэгдэх нь уур бухимдал юм. Хүн болгон адилгүй ч уур бухимдлаа захирч сураагүй хүн хамгийн хөөрхийлөлтэй. Энэ нь хүний зан араншингаар дамжин илэрдэг ч ер нь бол хүмүүжил төлөвшлийн сууриас хамаардаг.
Ууртай ааштай хэмээн бусдыг хашгичин зандрах нэгнээс бүгд л дайжин холдоно, айж эмээнэ, аюултай мэдрэмж төрнө. Ямар ч тохиолдолд муухай, эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл зарим хүмүүс илүү амар амгалан, уурлаж бухимддаггүй мэт харагддаг. Тэд үнэхээр уургүй юм уу? Яагаад уургүй хүмүүс байдаг вэ?
Мэдээж хүн л юм хойно уурлаж бухимдалгүй яахав. Өөрөөр хэлбэл уур гэдэг хүн бүхний дотор ямар нэгэн хэлбэрээр байж л байдаг, хэзээ нэгтээ, ямар нэгэн аргаар гадагшлан дүрэлздэг нь гарцаагүй үнэн. Гагцхүү түүнийг удирдахад суралцах хэрэгтэй гэсэн үг юм.
Уур бухимдлыг хэрхэн удирдаж сурах вэ? Яг яаж? Хариулт нь маш энгийн, энэ бол биеэ эзэмдэх чадвар юм. Үүнийг өөртөө төлөвшүүлнэ. Биеэ эзэмдэх чадвар нь анх дурдсан сэтгэл хөдлөлтэй салшгүй холбоотой.
Уур бухимдал бол түргэн зуурын, маш хурдан илрэх сэтгэл хөөрлийн хүчтэй илрэл гэж би дүгнэнэ. Тэгэхээр тэр хүчтэй сэтгэлийн хөөрлөө хазаарлан барьж дийлэхийн тулд нэг гараараа нөгөө гараа барихын адил тайвшралыг өөртөө бий болгох дадал хэвшүүлнэ гэсэн үг. Уур бухимдлын талаар Их Эзэн хааны сургаалиас дурдвал:
Адамхай уур хилэнгээ
Амгайвчлан даран чадваас
Архиран ноцох арсланг
Аргаар дарах адил буюу. (Адам-Огцом догшин гэсэн утгатай) гэжээ. Энд хүн өөрийн огцом уур бухимдлыг тогтоон барьж чадвал арсланг номхруулахын чинээ гавъяа буйг сануулжээ. (Эх үүсвэр: Хиад боржигон Цэгмидийн Нацагдорж “Чингис хааны сургаалын товчоон” номоос)
Ер нь Их Эзэн хааны сургаалиуд нь хувь хүний өөрийн сэтгэлээ танихын, хүмүүнжин ухаажихын, оюунаа цэнэглэхийн, үргэлж суралцан хөгжихийн тухайд чиглүүлсэн байдаг.
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…