Хариуцлагатай байдал, хариуцлага хүлээх чадвар хэмээх нэршил одоо их яригдах болсныг анзаарч байна уу? Сургууль дээр багшийн үгнээс, аав ээжийнхээ ярианаас, цаашилбал ажилд орсон ч ерөөс байнга л сонсогдох энэ үг яагаад байнга давтагддаг юм бол?
Хүн болж төрсөн нь өөрөө хариуцлага юм гээд хэлчихвэл арай хилс болохгүй байх. Миний л хувьд ийм бодолтой явна. Тиймдээ ч өөрт оногдсон хариуцлагаа биелүүлэхээр чармайн суугаа минь энэ.
Хариуцлага яагаад хүн болж төрсний илэрхийлэл болчихов оо? Давтагдашгүй, цорын ганц хүн төрлийг олсон хэн бүхэн өөр өөрийн хувь төөрөгтэйн тухайд өөрийн гэсэн хийж бүтээх зорилготойгоор хорвоод мэндэлдэг учраас тэр юм.
Нөгөө талаар хүний нийгэмд зохицон амьдрахын учир утгыг илэрхийлнэ. Тэгэхээр хариуцлага гэсэн ганцхан үг хичнээн олон зүйлийн учир холбогдлыг илэрхийлж байгаа биз?
Хамгийн эхлээд хүн болж төрсөн хариуцлагаа үүрэх хэрэгтэй болох нь.
Яаж гэдгийг мэдээж чи өөрөө л шийднэ. Гэхдээ энд сануулах гол санаа бол өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлага хамгийн эхнийх нь байх болно. Хүн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадаж байвал бусад бүх зүйл дээр хариуцлагатай хандаж чаддаг.
Мэддэг хэрнээ мэддэггүй энгийн жишээ гэвэл биеэ эрүүл, ухаанаа саруул авч явах хариуцлагыг хэлээд байгаа юм. Энэ талаар ”Эрүүл амьдрахуй” бүлгээс дэлгэрэнгүй уншаарай. Өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлагын тод илэрхийллийг Их Эзэн Чингис хааны сургаалаас ойлгож болно. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас”. Би хувьдаа энэ сургаалыг өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж сурсан хүн гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байж чадна, гэр бүлдээ хариуцлагатай байвал төрт улсынхаа төлөө хариуцлага хүлээж чаддаг гэж ойлгодог.
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…