ХАШААНЫ ЗЭРЛЭГ

Хашааны зэрлэг зулгаах зуур…

Монголчууд бид ер нь бүх зүйлдээ эзэн болж чаддаггүй хүмүүс юм байна даа. Сэтгэлдээ, биедээ, эх нутагтаа. Эзэнгүй хашаанд зэрлэг ургамал хайр найргүй ургадаг шиг эзэнгүй сэтгэлд хувиа хичээхийн, хариуцлагагүйн, залхуугийн бас арчаагүйн зэрлэг хайр найргүй ургадаг юм байна. Эзэнгүй юм хойно арга ч үгүй биз…

Зэрлэг ургамалтай газарт сайхан цэцэгс ургаж чаддаггүйн адил эзэнгүй сэтгэлд сайны үр дэлгэрдэггүй бололтой. Бидний сэтгэл эзэнгүй болохоор биеэ зөв авч чаддагүйн дээр эх нутаг минь хүртэл эзгүйрчээ. Уулын моддоо тасдан зөөж галаа өрдөнө, ургаж байсан газраас нь нүүлгэн шилжүүлж хот руу зөөнө. Дэлгэр зунаар хөдөөгөөр аялахдаа дэнж дүүргэн хогоо хаяна.  Ийм хүний үнэргүй байхаар эзэнгүй гэхээс өөр юу гэхэв…

Зэрлэг ургамлыг үндсээр нь тасалж хаяхгүй бол дахиад л ургадаг шиг сэтгэл доторх хогийн ургамлаа үндсээр нь цэвэрлэж сурах хэрэгтэй байна бид. Нэг удаа цэвэрлээд орхисон ч жилийн дараа дахиад л ургачихна. Эзэнтэй хашаанд зэрлэг ургадаггүйн учир ургах бүрт нь зулгааж хаядаг эзэнтэй болохоор тэр. Яг үүнтэй ижил энэ биедээ, сэтгэлдээ, эх нутагтаа эзэн нь байж, үргэлж арчилж тордон зэрлэггүй амьдрахад суралцахсан хэдүүлээ…

2016.08.10

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ