ХУВИЙН ХӨГЖИЛ

Хувийн хөгжил

Хүн бүр өөр. Зан чанар ойролцоо, царай төрх ижилдүү, төөрсөөр төрөлдөө гэгчлэн олон байвч, цор ганц шинж чанар бүхий хүн бүр ганцхан хувь. Үүгээр хувь хүний онцлог харагдаж, энэ нь тухайн хүнийг хэн бэ гэдгийг илэрхийлнэ, түүгээр бусдаас ялгарна, бас бусадтай нийцнэ. Бүр цаашилбал ямар үндэстэн гэдгийг ч тодорхойлно.

Хувь хүн хэдий өөрийн гэсэн онцлогтой ч нийгэмших явцдаа бие хүн болон төлөвшдөг. Гэхдээ орчин үед бие хүний тухайд биш хувь хүний хөгжлийн тухайд их ярих болж. Уг нь хувь хүний хөгжлийн тухайд ярихын тулд эхлээд хэрхэн өөрийгөө олох, хэрхэн өөрийгөө бүтээж бий болгох тухай ярих нь зүй. Үүний дараа гэр бүлийн болон нийгмийн харилцаа, ёс зүйг ярихад илүү амар хялбар болох юм.

Тиймээс л хувь хүний хөгжлийг:

1. Хүмүүжил, төлөвшил

2. Эрүүл мэнд

3. Боловсрол

4. Харилцааны ур чадвар

5. Эх оронч үзэл гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр хэмжиж болохыг өөрийн судалгаагаар олж тогтоосон билээ. Хүн болох урлаг номонд анх удаа дэвшүүлэн тавьж, хувь хүний хөгжлийн үндэс суурь нь гэрийн хүмүүжил болохыг онцолсон. Ялангуяа тухайн үндэстний уламжлалт хүмүүжлийн ухаан нь сайн суурьтай байж гэмээнэ улс үндэстний дархлаа тогтдог аж.

Хувь хүний зөв төлөвшил нь зөв бие хүнийг бий болгож хувь хүний зөв хөгжлөөр дамжуулан нийгэмд эерэгээр нөлөөлж байдаг. Үүний үндэс суурь нь мэдээж гэр бүлийн орчин, гэрийн хүмүүжил юм. Тиймээс л аав ээжүүд бид өөрийн хувийн хөгжлөө анзаарч, үр хүүхдийнхээ зөв хувь хүн болоход нь чиглүүлэх үүргээ мартаж болохгүй.

Энд Монгол уламжлалт гэрийн хүмүүжлийн арга барилыг санах хэрэгтэй. ӨӨРӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭХ, ҮЛГЭРЛЭН ДАГУУЛАХ. Өөрийгөө танин мэдэх, өөрийн би-гээ олох, өдөр бүрийн дадал хэвшлээрээ ХҮН болохын төлөө хичээж, аав ээжийн үүргээ ухамсарладаг байсныг. Хүүхэдтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж, тоглож, суралцдаг байсныг…

Улс үндэстэн оршин тогтнохын ул суурь нь хувь хүний хөгжил гэдгийг л бид маш сайн ойлгож, дор бүрнээ хүүхдийн төлөвшилд анхаарахаас өөр сонголт байхгүй. Ирээдүйн зам бидний өмнө зурайж байна. Тэр замаар бидэнгүйгээр алхах үр хүүхдүүд, бас тэдний хүүхдүүд өөрийгөө, гэр бүлээ, нийгмээ, улсаа авч явах МОНГОЛ улсаараа овоглох хүмүүс шүү дээ!!!

Тэгэхээр хувь хүн бүрийн хөгжлөөс улсын хөгжил хамаарах нь. Хувь хүнийхээ хувьд та хэрхэн өсөн хөгжиж байна вэ? Үр хүүхдээ хэрхэн зөв төлөвшүүлж байгаа вэ? Өөрөө та гэр бүлдээ хэр зэрэг үлгэр дууриалалтай амьдардаг вэ? Та хамт олондоо, нийгэмдээ ямар нөлөө үзүүлдэг вэ? гэх зэрэг олон асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Мэдээж асуусан тул хариулах хэрэгтэй шүү дээ. Хариуцлагатайгаар…

2020.02.20

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ