Хүүхэд зөнгөөрөө өсдөггүй. Аав ээж, өвөө эмээ, ах эгчийн үлгэр дууриалал болон заавар зөвлөгөө заавал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сайн чиглүүлж, зааж зааварлаж, тайлбарлаж байх нь хүмүүжлийн чухал аргуудын нэг.
Болох болохгүйн заагийг ойлгуулах нэг хэлбэр нь хүүхдийн хэл яриа, үг, үйлдлийг зөв чиглүүлнэ гэсэн үг. Хүүхдийн хэлэх хэлэхгүй үг гэж бий, мөн ахмад хүний өөдөөс ам зөрөхгүй байх, хүндэтгэлтэй хандах гээд дурьдаад байвал маш сайхан зан үйлийг зааж сургах хэрэгтэй байна.
Болох болохгүйн заагийг ойлгуулахын тулд хүүхдээ байнга ажиглаж, засаж залруулах үгээр дадал хэвшил болтол нь хүүхэдтэйгээ ажиллана.
“Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэсэн ардын зүйр үгэнд аав ээжийн сургаалыг алт эрдэнэстэй зүйрлэн заавар зөвлөгөөг нь дагаж явбал алзахгүй гэжээ. Тэгэхээр аав ээж бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд чиглүүлэн зөвлөх үүрэг маш чухал болохын зэрэгцээ сургаал үгээ алт эрдэнэстэй зүйрлэхүйц хэлж ярьж байхыг сануулжээ.
Ялангуяа хүүхдийг элдэв муухай үгээр загнаж болохгүй, хэрэв ийм тохиолдол гарвал хүүхдээсээ заавал уучлалт гуйж байх хэрэгтэй. Бид нар ингэж загнуулж, зодуулж өссөн гэсэн хандлагаар орчин үеийн хүүхдэд хандвал та хүүхдээ өөрөөсөө холдуулж, хөндийрүүлсээр байх болно.
Учир нь өнөөдөр хүүхдийн эргэн тойронд өрнөх хурдацтай хөгжлийн нөлөөгөөр тэдний олж сонсох мэдээлэл, мэдлэгийн хүрээ бидний үетэй харьцуулахын аргагүй өөрчлөгдөн өргөжсөөр байна. Тиймээс тэдний найз байж, аливаа зүйлийг зөвлөн ярилцах байдлаар эерэг ханндлагыг гэр бүлдээ бий болгох шаардлагатай юм.
Аав ээж бидний үүрэг бол эхлээд хүүхдээ сонсож, дараа нь тэднийг зөв чиглүүлж, сайн зөвлөн харилцаж, ирээдүйн зөв иргэнийг төлөвшүүлэх зэрэг хоорондоо уялдаа холбоо бүхий амьдралын ухааныг шингээсэн үүргүүдийн нийлбэр юм.
Энд зөвлөлдөх, харилцан ярилцах гэдгийг сайн анхаарах хэрэгтэй бөгөөд зааж зааварлах гэдэг үг бол аливаа ажил хөдөлмөрт сургахтай холбоотой гэдгийг ойлгоорой. Аав ээж болно гэдэг хамгийн сайхан атлаа хамгийн хариуцлагатай алба болж байна.
Ажил албандаа анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг шигээ үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд бүхий л хүчээ дайчлахын цагт улс орны хөгжлийн тухай ам бардам ярих боломж бидэнд олдох буйзаа.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…