Хүүхдээ сонсох нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулахын зэрэгцээ тэдэнд ойр байх сайхан боломжийг бүрдүүлдэг. Хэл ярианы хөгжил сайжирснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт хөгжих, үгийн баялаг нэмэгдэх зэрэг ач холбогдолтой.
Мөн таныг анхаарлаа хэрхэн хандуулж байгаагаас тэд бусдыг сонсож сурах үлгэр дууриаллыг авна. Бусдыг сонсож сурна гэдэг маш том соёлын илрэл. Өөрөөр хэлбэл хүний яриаг анхааралтай сонсох нь тухайн хүнийг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн сацуу эргэцүүлэн бодох, аливаа зүйлийн утга учрыг танин мэдэх, өөртөө дүгнэлт хийхэд тусалдаг.
Нөгөө талаар таны хүүхэд нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болон төлөвшдөг тул энэ нь хүмүүжлийн бас нэг чухал алхам юм. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар бол насан туршид нь тухайн хүний би хэн бэ гэдгээ бусдад ойлгуулах боломж тул энэ тал дээр аав ээжүүд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй.
Энэ нь сургуульд суралцах, гэр бүлийн амьдралд зохиох, ажил хөдөлмөр эрхлэх гээд хүний бүхий л амьдралаа өөрөө удирдан чиглүүлэхэд онцгой нөлөөтэй. Ийм хүмүүсийг нээлттэй хүмүүс гэх бөгөөд ихэнх тохиолдолд амьдрал болон ажил дээрээ амжилтанд хүрсэн хүмүүс байдаг.
Бага наснаас нь хүүхдээ сонсож сургавал таны анхаарлын төвөөс тэд холдохгүйн дээр өсөж томрох тусам нь санаа зовох шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ хамгийн сайн сонсогч байснаар тэдний найзын тоонд зүй ёсоор багтана.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…