Хүүхэд бүхэн сониуч, тиймээс тэдэнд аливаа зүйлийн учир холбогдлыг сайтар тайлбарлах нь танин мэдэхүйн ертөнцөд уриалан дуудахтай адил. Өөрөөр хэлбэл хүүхдийн асуултын гол зангилаа яагаад? яагаад? яагаад?-ыг тайлж өгөх хэрэгтэй гэсэн үг.
Өдөр тутмын амьдралын энгийн зүйлүүдийн учир утгыг тэд танин мэдэхийн тулд мэдрэхийг хүсдэг. Мэдрээд ойлгодог, суралцдаг, эсвэл гайхдаг. Тэгвэл сониуч занг зөв залуурдахын тулд байгалийн түмэн зүйлсийн болон хүмүүний амьдралын учир холбогдол, уялдаа холбоо, нарийн зохилдолгоог сайтар тайлбарлаж өгөх гэж байнга оролдож байх нь зүйтэй.
Тэд сонирхоно, эсвэл үл ойлгоно, заримдаа шимтэнэ, эцэст нь зөв мэдээллийг зөвхөн танаас хүлээдэг болно. Энэ нь мэдээж бидэнд чухал бөгөөд хүүхдийн ертөнцийг үзэх үзэл, эх оронч сэтгэлгээ төлөвших, чөлөөтэй сэтгэх, аливаа зүйлийн цаад мөн чанарыг ойлгохыг эрмэлздэг болгон төлөвшүүлэх ач холбогдолтой.
Дөнгөж соёолон буй өвс ургамлыг яагаад гишгэхгүй хайрладаг вэ? Нялх ногоо бол нялх хүүхэдтэй адилхан. Хүүхдийг аав ээж нь хайрлан халамжлан өсгөдөгийн адил ургамлыг хүмүүс бид хайрлан хамгаалах, ургуулж арчилах хэрэгтэй. Хамгийн чухал нь дөнгөж ургаж буй нялх ногоо байдаг тул түүнийг хайрлана гэдэг байгаль дэлхийгээ хайрлахын, энэрэнгүй үзэл төлөвшихийн эхлэл.
Усыг яагаад хэмнэх ёстой вэ? Ус бол чандмань эрдэнэ гэдгийг усгүй бол хүн амьдрах боломжгүй, тиймээс цэвэр усаа хэмнэж байх хэрэгтэй. Усаа хэмнэхийн зэрэгцээ усны ундаргыг сайжруулахын тулд гол, усаа бохирдуулахгүй байх, модоо огтолж сүйтгэхгүй байх, мод тарих гээд байгалийн түмэн үзэгдлийн утга учрыг таниулна.
Үндэсний соёл, уламжлалыг яагаад судлах шаардлагатай вэ? Энэ дэлхийд маш олон улс үндэстэн оршин тогтнодог. Тэдний нэг нь Монголчууд бид. Монголчууд ямар үндэстэн, ямар үүсэл гаралтай, ямар түүхтэйг ярьж өгөх, харилцан ярилцах, уншиж чаддаг болоход нь түүхийн ном уншуулах, асуух асуултуудад нь хариулах хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.
Бусад улс үндэстэнгээс бидний ялгарах онцлог нь юу юм, яагаад Монгол ахуй, соёл уламжлалыг өвлүүлэн хадгалах ёстойг, Монгол хүн гэдгээрээ бахархан амьдрахын тулд хэн болон төлөвших, улс эх орондоо хэрэгтэй хүн болохын тулд хэрхэн суралцах, боловсрох, хөдөлмөрлөхийн чухлыг тайлбарлах гэх мэтчилэн олон зүйлүүдийг ойлгуулна.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…