ХҮҮХДЭД САХИЛГА

ХҮҮХДЭД САХИЛГА БАТ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Сахилга бат гэдэг бол гэрийн суурь хүмүүжлээс хамгийн их шалтгаалах зүйлсийн нэг. Хүүхэддээ цэвэр цэмцгэр байх, хувцсаа цэвэрхэн өмсөх, өглөө оройдоо шүдээ угаах, өглөө босоод ороо хураах, гараа байнга угаах, бүх зүйл эмх цэгцтэй байх ёстой газраа л байх, эрт унтаж эрт босох, биеэ зөв авч явах, цаг баримтлах, хэлсэндээ хүрдэг байх гээд амьдралд хэрэгтэй маш олон дадал хэвшлийг төлөвшүүлэх нь зүйтэй.

Дадал хэвшил төлөвшүүлнэ гэдэг бол амархан атлаа хэцүү. Аливаа зүйлийг дахин давтан хийсээр дадал болдог бол энэ дадал нь тогтохыг хэвшил гэж хэлж болно. Дадал хэвшил олгоход тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Мэдээж дадал хэвшил бүхэн хэдий хугацаанд хэвшин тогтохыг хэр олон дахин давтан хийхээс шалтгаална.

Хүүхдийнхээ өдөр тутмын амьдралд сайн дадал хэвшлийг төлөвшүүлж чадвал сайн сахилга бат төлөвшин тогтоно. Сахилга бат гэдэг нь хувийн зохион байгуулалт юм.

Хүний амьдралын сайн сайхан, хувь хүний хөгжил, ажлын амжилтад хүргэх хамгийн чухал дадал хэвшил бол сахилга бат. Энэ бол байнга давтан хийх зөв үйлдэл, өөртөө үнэнч байх зарчим, хариуцлагатай, тууштай байх чанар. Тиймээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд сахилга батыг дадал хэвшлээр суулгах хэрэгтэй.

Манай ард түмэн “Хүнээр хүн хийх”-ийн чухлыг эртнээс сургамжилж, зүйр цэцэн үгсийг хүмүүжлийн чухал хэрэгсэл болгон ашиглахын зэрэгцээ “журам мянган жилийнх” гэж сургадаг нь үргэлжид журамтай, сахилга баттай байхыг сануулсан байна.

Тэгэхээр сахилга баттай хүн хувийн зохион байгуулалт сайн, өөрийгөө хянах хөгжүүлэх чадвартай, амьдралын сайн сайхныг олж хардаг, ажилдаа амжилт гаргаж чаддаг байна.

Сахилга бат бол сахилгагүй хүнд хэрэглэдэг үг биш, хүн бүрийн анхаарал хандуулж өөртөө дүгнэлт хийх, ялангуяа аав ээж бүхний хүмүүжлийн сайн арга барилын нэг хэсэг нь байх ёстой.

Сахилга баттай иргэн хүмүүжүүлэх нь аав ээж бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг учраас тушаал авсан цэрэг мэт зөв ХҮН төлөвшүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ