Бидний амьдрал нэгэн хэмээр үргэлжилдэггүй, заримдаа тааварлашгүй хүнд бэрх асуудал, эсвэл хэмжээлшгүй их баярт үйл явдал тохиолдоно. Тэр үед тэрхүү хүнд бэрхээс хэрхэн ангижрах, сайн сайхнаа бусадтай хэрхэн хуваалцах талаар болон энэ олон түмэн өөрчлөлтөнд өөрийгөө хэрхэн хүн хэвээр нь авч үлдэхийг зааж сургах хэрэгтэй.
Үүний тулд тэднийг ямар нэгэн зүйлд дурлуулан хөтлөх нь аав ээж бидний үүрэг юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн сонирхлыг мэддэг, ойлгодог байж гэмээнэ түүнийгээ хөгжүүлэхэд нь туслах боломжтой.
Урлаг уран сайхан, яруу найраг, дуу хөгжим, уран зурагт дурлуулж, эсвэл спортоор хичээллүүл. Урлагийн сайхныг мэдрэн өссөн хүүхэд сэтгэл зөөлөнтэй, гоо зүйн мэдрэмж өндөртэй, ёс суртахуунт хүн болон төлөвшдөг.
Урлаг уран сайхан гэдэг бол хүүхдийн цэвэр тунгалаг оюун сэтгэхүйг гоо зүй ёс суртахууны дадалд хэвшүүлэхэд хамгийн гол түлхэц болдог гэдгийг мэддэг байх, хэрэгжүүлэхийн төлөө анхаарах нь зүй. Хэдийгээр аав ээжүүд үүнийг мэддэг хирнээ ажил гэр, мөнгө, өнөө маргаашийн амьдралын асуудлуудаасаа гарч чадалгүй хүүхдийн уран сайхны мэдрэмжийг хайхрахгүй өнгөрөөх тохиолдол байдаг.
Харин их спорт бол их тэвчээрийн сорилт, сэтгэлийн хат, зоригийн илэрхийлэл болохын зэрэгцээ бие бялдрын зөв хөгжлийг бий болгодог. Спортын аль нэг төрөлд шимтэн дурлуулах нь хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, спортоор дамжуулан амьдралын аливаа асуудалд тэвчээртэй хандах сэтгэлийн хат суулгана.
Их спортын алдар цуутай хүмүүсийн тухай хүүхдэдээ ярьж өгөх, тэдний тухай нэвтрүүлэг үзүүлэх, бахархал төрүүлэх замаар мөн өөрөө үлгэр дууриалал үзүүлэх байдлаар хүүхдэд нөлөөлж болно.
Мэдээж хүн бүр тамирчин болохгүй ч бие бялдар эрүүл саруул байх, амьдралын зөв хэвшил дадалд сургахад энэ нь чухал нөлөөтэй. Эрүүл бие бялдартай байх нь хүүхэд өөртөө итгэлтэй, амьдралын зөв дадал хэвшилд суралцах, мөн нийгэмд биеэ зөв авч явахад нь тусалдаг.
Хүүхдэд аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах, олон талын мэдлэгтэй, мэдээллийн эрин зуунд зөв бурууг ялган тунгаах чадвар суулгахын тулд танин мэдэхүйн ном уншиж судлах боломжийг бүрдүүлж өгвөл тэсвэр тэвчээртэй хүн болон төлөвшихөд тустай.
Учир нь хүүхэд аливаа зүйлд хянуур нухацтай хандах, өнгөц дүгнэлт хийхгүй байх, өргөн хүрээний мэдлэг олж авахад тэвчээртэй суух, харьцуулан дүгнэх, тунгаан бодох гэх зэрэг чадварууд төлөвшдөг. Ялангуяа шинжлэх ухаан танин мэдэхүйн олон талын мэдээлэл, мэдлэгтэй байх нь хүүхдийн ирээдүйн зорилго мөрөөдөл, мэргэжил сонголтод сайнаар нөлөөлж, зөв сонголт хийхэд нь тус дөхөм болдог.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…