Боловсрол гэдэг нь мэдээллийн эх үүсвэрүүдээс шилэн сонгож, мэдлэг хуримтлуулах үйл явц гэлтэй. Тэгвэл боловсролтой хүн бол мэдээллийг ялган салгаж, хэрэгтэйг нь олж эзэмшин, мэдлэг болгон амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг хэлэх байх.
Боловсролтой иргэн бол улс орны баялаг гэдэг нь тодорхой ч боловсролын утга, мөн чанарыг хүүхдэд багаас нь ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа мэдээллийн эрин зуунд тархиа хогийн сав мэтээр бодож, хэрэгтэй хэрэггүй мэдээллийг утга учиргүй толгойдоо багтаах гэж зүтгэх нь утгагүй. Мэдээллийг бид хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ авах боломжтой.
Харин мэдлэгийг цэгцтэй зөв мэдээлэл буюу албан ёсны боловсрол олгох системээр дамжуулан шат дараалалтай эзэмшдэг. Үүнийг бид боловсрол эзэмших гэж нэрлэдэг. Хүн эцэг эхээс нэгэнтээ мэндэлж, багшаас хоёр дахь удаагаа төрдөг гэдэг.
Тэгвэл багшид очих хүртэл хүүхдээ хэрхэн төлөвшүүлэх, боловсрол эзэмшихэд бэлтгэх нь аав ээж бидний бас нэг чухал үүрэг. Өмнө дурьдсан хүмүүжил, төлөвшлийн бүх үйл явц энд чухал нөлөөтэй ч хамгийн чухал нь хүүхдийг боловсрол эзэмшихэд бэлтгэхдээ дараах дадал хэвшилд анхаарлаа хандуулна уу. Үүнд:
- Хүүхэдтэйгээ бүр нялх балчираас нь харилцах, ярьж байх, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сургах, сонсож сурах эхлэлийг тавих
- Үлгэр домог уншиж өгөх, үлгэрийн утгыг хэрхэн ойлгосон талаар нь хүүхдээр яриулах, хэл яриа болон ургуулан бодох, сэтгэх чадварыг нь хөгжүүлэх
- Гарын эв дүйг хөгжүүлэх, зураг зурах, өнгө цээжлүүлэх, тоо тоолуулах зэргээр оюун сэтгэхүйг нь хөгжүүлэх
- Тоглоомоор дамжуулан хүүхдийн бүтээлч, хөдөлмөрч дадлыг хөгжүүлэх, хүүхэдтэйгээ хамт тоглох, сууж сургах
- Сурах, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх, сурах сонирхлыг нь байнга дэмжих, хүүхэд бие даан өөрөө өөрийгөө дайчлахад нь туслах гэх мэт.
Дээрх дадал хэвшлийг цэцэрлэгт орохоос нь өмнө төлөвшүүлж чадвал та хүүхдийнхээ боловсрол эзэмших үйл явцад тийм ч их санаа зовохгүй байж болно.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…