Хүүхэддээ үргэлж ойр байх

ХҮҮХЭДДЭЭ ҮРГЭЛЖ ОЙР БАЙХ

Хүүхдийн ертөнц бол цэвэр ариухан гэнэхэн, гэгээхэн. Тэр гэгээн ертөнцөд үе үе зочилж байхын тулд тэдэнтэй ойртон нөхөрлөх, мэдээж хүүхэд бүрийн онцлогоос шалтгаалан ямар арга замаар тэдэнд ойртон нөхөрлөх вэ гэдгийг бодолцох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл сонирхдог зүйлсийнх нь талаар яриа өрнүүлэх, түүнийг нь худалдан авч өгөх, түүнд хандуулж буй анхаарлыг нь сайшаан магтах замаар ойртон нөхөрлөнө. Эсвэл сонирхдог зүйлсийг нь хамтдаа хийх, түүний талаар яриа өрнүүлэх гэх мэтчилэн олон арга замаар тэдэнд ойр дотно байгаагаа мэдрүүлж болно.

Энд мөн л хүүхдийг сонсох, ярилцахын чухлыг мартаж болохгүй. Хүүхдийн гэгээн ертөнцийг тэдэнтэй ойртон нөхөрлөснөөр л мэдрэх боломжтой. Зүрх сэтгэлд гэгээ татмаар, хайр бургилан ундрах тэр л мэдрэмжийг хүүхэдтэйгээ ойр байснаар мэдрэх боломжтой. Ойр байх гэдэг нь үргэлж хамт байхыг хэлж байгаа зүйл огт биш.

Их эзэн Чингис хаан “Сэтгэлийг нь эзэмдвэл, бие нь хаа одох вэ” гэжээ. Тиймээ хүний сэтгэлийг татаж чадах л юм бол бие нь хол ч сэтгэл нь үргэлж ойр байдаг нь үнэн билээ. Тэгвэл хүүхэдтэйгээ ойр байх гэдэг нь өсөж том болохын хэрээр танаас улам л холдох тэр сэтгэл дотор нь үргэлж ойрхон байхыг, үгүйлэн санах сайхан дурсамжуудыг бий болгохыг хэлнэ.

Хүүхэддээ ойр байснаар та тэднийг ажиглах, сэтгэлзүйд болон бие махбодид нь гарч буй өөрчлөлтийг мэдрэх, буруу зөвийг нь ухуулан таниулагч хамгийн ойрын туслагч нь гэдгээ ойлгуулна. Мэдээж аав ээж нь хамгийн дотно найз нь гэдгийг хүүхэд эндээс ойлгох бөгөөд бүрэн дүүрэн хайрыг мэдэрч, бас хамгаалагдсан мэдрэмж төрнө.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ