Хүний амьтнаас ялгарах онцлог нь оюун ухаан, ухамсар билээ. Тиймээс хүн л ганцхан бодож сэтгэж, түүнийхээ үрээр ухамсартай үйлдэл хийдэг. Хүнийг тал бүрээс нь судлах шинжлэх ухааны олон талт салбарууд бий болсон ч, сүсэг бишрэлээр сайн сайхан руу хөтлөхийг хүсэх шашин хэмээгч байгаад ч хүн гэдэг өөрийгөө таньж мэдэх тал дээр бэрхшээлтэй хэвээр л.
Харин Монголчуудын өвөг дээдэс эрт цагаас байгалийн бусад амьд бүхний нэг хэсэг болох хүмүүс бид өөрсдийгөө танихын тулд байгалийн хуулинд захирагдах ёстойг ойлгожээ.
Тиймдээ ч оюун санааны эрүүл мэндийг чандлан сахихыг сургамжилж, үр хойчдоо өвлүүлэн уламжилсан ёс заншлыг бий болгосон байдаг.
Эдгээр ёс заншил бол хүн хэмээх бодгалийн амьдрах хугацаандаа дагаж мөрдөх бичигдээгүй хууль бөгөөд зөрчих аваас заавал шийтгэлээ амсдаг хэмээх ёс зүйг мөрдөж ирсэн аж. Учир нь нүүдэлчин ахуй өөрөөр эдгээр ёс зүйг танин мэдэх, бий болгох үндсэн нөхцөл болдог байсан байна. Өөрөөр хэлбэл ухамсартай амьдрахад хамгийн их анхаардаг байсан гэсэн үг.
Оюун ухаан ухамсар бол хүний нандигнан хайрлаж, зөв чиглүүлж, байнга хөгжүүлж байх ёстой чухал зүйл гэдгийг танин мэдсэн учраас л оюуны өв сангаа ёс уламжлалаар үеийн үед өвлүүлсээр яваа. Өнөөдөр бидний хэд нь үүнийг үнэн сэтгэлээсээ ойлгож, тэдгээрээс суралцахын төлөө хичээж байгаа бол? Тун цөөхөн нэр дурдагдах вий дээ. Дүү минь, заавал тогтоогоод аваарай!
Монгол үндэстнийхээ онцлогийг, оюун санааны уг үндсийг ойлгохгүйгээр Монгол хүн хэмээн дуудуулах нь жаахан ичмээр л зүйл шүү. Хүний хорвоод төрүүлж өсгөсөн аав ээжээрээ бахархахгүй хүн байхгүй дээ. Зөвхөн бахархаад зогсохгүй, тэдний үргэлжлэл болохоо харуулахын тулд хичээж амьдардаг.
Энэ чинь л хүн бүр уг үндсээ мэдэж, түүнийг үргэлжлүүлэхийн төлөө амьдардагийн нэг илрэл. Эсвэл бидний зарим нь төрсөн аав ээжийгээ мэдэхгүй өссөн ч, өсөж том болсон хойноо тэднийг хэн байсныг, ямар хүмүүс гэдгийг мэдэхийг хүсдэг шүү дээ. Яг л хүний аав ээж шиг эхлэл бол үндэс угсаа юм.
Үндэс угсаа нэгтэй хүмүүс нэгэн нэгдмэл хэл соёл, ёс заншлын дор хамтран амьдрахыг үндэстэн гэж хэлж болох байх. Яг л нэгэн гэр бүл шиг. Гэр бүл бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай, дэг журамтай, ёс зүйтэй байдаг шиг үндэстэн болгон бусдаас ялгарах өөрийн онцлогтой.
Тэрхүү онцлогоо л бүрэн дүүрэн олж мэдээд, уг суурийг нь ганхуулалгүй хөгжүүлэхийг хэлэх гээд байгаа нь энэ. Энэ онцлог нь үндэстний оюун санаа, ухамсар болон сэтгэлгээ хандлагад оршдог юм. Монгол хүнийг илэрхийлэх тэрхүү үндэстний оюун санаа, ухамсар, сэтгэлгээний мөн чанараа Монгол хүн бүр мэдэрч, таньж, ойлгож, хэрэгжүүлж байж гэмээнэ Монгол үндэстэн бат бөх оршин тогтнох юм. Тэгвэл хэрхэн яаж?
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…