Эх орон хаанаас эхлэх вэ? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асууж үзье. Эх орон эцэг эхийн хайраас, элгэн садны ерөөлөөс, энгүй өргөн талаас, элсний нарийн ширхэгээс, эргэн тойрны хүрээллээс, энд тэнд хог хаяхгүй байхаас гээд эх орон хаанаас ч эхэлж болно.
Гагцхүү энэ эхлэлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлөн эх орноо сэтгэл зүрхэндээ тээж явдаг. Эх орныхоо эс ширхэг болохын хувьд хүн бүр зөв хүмүүжил төлөвшилтэй, ёс суртахуунтай, өндөр боловсролтой, бүтээлч хөдөлмөрч иргэн болох учиртай. Үүний үндсэн суурь нь аав ээжүүдийн хүүхдүүддээ төлөвшүүлэх эх оронч хүмүүжил юм.
Эх оронч хүмүүжлийг хүүхдэд багаас нь төлөвшүүлж чадвал өөрийн амьдралаа зөв удирдан авч явахаас гадна эх орондоо ихийг бүтээх ирээдүйн иргэдийг төрүүлэх болно. Үүний тулд хэд хэдэн зүйлийг хүүхэдтэйгээ хамтдаа хийгээд хэвшчихэд л хангалттай. Жишээ нь:
- Хүрээлэн буй орчноо хайрлах, хамгаалах
- Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг мэдэрч, хайрлахад сургах
- Эх түүхээ мэдэх, түүгээр бахархах
- Монгол ахуйг танин мэдэх, ойлгох
- Үндэсний зөв үзэл төлөвшүүлэх
Аав ээж бид эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Бидний зарим нь энхийн манаанд, эсвэл эрүүл мэндийн манаанд зогсож, мөн ирээдүйн иргэдийг гэгээрүүлэн хөгжүүлж, нэг хэсэг нь нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдэж, хүн амыг хүнсээр хангаж, нөгөө хэсэг нь төрөл бүрийн үйлдвэрлэл эрхэлж, бүтээн байгуулалтыг хийж байна гээд хүн бүр л эх орныхоо өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө зүтгэж буй. Гэвч бид эх оронч иргэн төлөвшүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаа бол?
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…