Үнэгүй зүйл гэж орчлонд үгүй. Үнэ төлбөргүй олдсон бүхний цаана үнэ цэн алдагдаж байдаг. Өнөөдөр үнэгүй олдсон бүхний төлбөрийг ирээдүйд та төлж эс чадваас үр хүүхдүүд тань төлөх л болно. Үйлийн үрийн төлөөс гэдэгтэй үнэндээ энэ нь утга дүйнэ.
Шашны нэрийдлээр үнэ төлбөргүй туслалцааны цаана Монгол хүний тархи мунхран угаагдаж, харийн гаж урсгалд ч хаман аваачих төлөөс буй. Эсвэл эх үндсээ үгүйсгэх их төлөөс нуугдаж буй. Ирээдүйн үнэ цэн гээгдэж буй…
Улс төр хийж тараасан мөнгөний цаана сонгох эрх чөлөө худалдагдаж, өнөөдрийн бидний амьдралыг үр хойчын ирээдүйтэй хамт үгүй хийн цөлмөж байдаг, үнэнээс бас холдуулж байдаг, үнэ цэн тэнд замхарч байдаг…
Элдэв гоё нэртэй энд тэндхийн тусламжийн цаана хөдөлмөрлөх бүтээх сэтгэлгээ үгүй болж, хий хоосон мөрөөдөл, хэтэрхий бэлэн халамж хийрхэн асаж харагддаг. Одоо яг хэрэгтэй мэт, олдож байгаа нь сайхан мэт боловч хойшдоо заавал төлөх хорт төлөөс үлдээж буйг хойч үе минь өршөөх болов уу? Хожим тэд хэрхэн амь зуух бол?
Төрөөс өгөх халамжийн бодлого хүртэл залхуу хойрго, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсээр, тархи оюунаа ажиллуулахаас илүү тав арван төгрөг, тусламж дэмжлэг хүлээн суух өрөвдөм дүр зураг нь Монгол хүний үнэлэмжийг навс унагасаар. Дор бүрнээ бодож тунгаан дор бүрнээ хийж бүтээж, алдаж онож, амьдарсан шиг амьдрах нь өөрөө үнэ цэнийг бий болгодог уг нь.
Үнэгүй бүхнээс холуур тойрч, өөрийн хүчинд л итгэх чухал. Үүний тулд хамгийн эхлээд өөрийн дотогшоо өнгийж хар, оюун ухаанаа дайчил, олон үггүй дайчин хөдөлмөрлө. Хийж бүтээ чадлынхаа хэрээр, хэлж ярь таньж ухаарснаа. Хожмоо үлдээх өр төлөөс биш хэзээд дуурсагдах үнэ цэнийг бүтээ!!!
2017.04.29